Saturday, July 20, 2013

Ш.Арвай: Улсын аюулгүй байдлыг хангана гэдэг чухал

Ш.Арвай: Улсын аюулгүй байдлыг хангана гэдэг чухал

Хил хамгаалах байгууллагын 80 жилийн ойн баяр энэ өдрүүдэд болж байна. Өнөөдөр төв цэнгэлдэхэд үе үеийн хилчид, ард түмэндээ хүндэтгэл үзүүлэн парадаар жагсч, хүчит 128 бөх барилдаан гээд ойн баяраа тэмдэглэж байна.

Уг ёслолын арга хэмжээний үеэр цэргийн ухааны доктор, дэслэгч генерал Ш.Арвайтай уулзан ярилцлаа.

-Баярын мэнд хүргэе. Таны хувьд 80 жилийн ойн баярын арга хэмжээ  ямар болж байна?

-Сэтгэл их сайхан байна. Монгол Улс, монголын төр манай ард түмэн хилчиддээ эх орныхоо дархан хилийг халдашгүй дархан байлгах үүрэг оногдуулсан. Тэр үүргийг өнөөдөр ард түмэнтэйгээ хамт тэмдэглэж байна. 80 жилийн ойтойгоо холбогдуулаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлт ирсэн. Мөн УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Хууль зүйн яамны сайдын илгээлт ирсэн. Энэ бол манай хилчдийг эх орон ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэсний батлан хэлсэн ийм сайхан баярын үг байлаа. Мэдээж хэрэг энэ бол эх орныхоо аюулгүй байдлыг хил хязгаарт хангах тэр үйлс урам зориг нэмсэн бас их сайхан зорилтууд дэвшүүлсэн үйлс болж байна. Сайхан байна. Ард түмэн маань сайхан баярлаарай.

-Та анх хэдэн онд цэргийн алба хааж байв. Таны амьдрал яаж хил хамгаалах байгуулагатай холбогдов оо?

-Би 55 жил тасралтгүй улсын хилийг манах, улсын аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах албаны хэсэгт үүрэг гүйцэтгэж явсан. Цэргийн албыг би Сэлэнгэ аймагт шалган нэвтрүүлэх боомт дээр хаасан. Тэр ангийн маань 80 жилийн ой тун удахгүй болно. 20 настай цэрэгт мордсон миний том баяр байгаа юм. Цэргийн албыг хаагаад олон газар ард түмнийхээ буянаар төрийнхөө итгэл, найдварыг өвөртөлж сургуульд сурсан даа. Хилийн цэргийн дундыг, командынх нь дээд, Жанжин штабын аккадеми төгссөн учраас би төр ард түмэндээ өртэй хүн гэж бодож явдаг. Энэ жилийн 80 жилийн ойгоо тэмдэглэж байгаа хилийн алдарт 12 дугаар отрядад штабын дарга, отрядын дарга байлаа. Халх голд 1975 онд хилийн отряд шинээр байгуулах үүрэг хүлээн авч, түүнийг гүйцэтгэж явлаа. Үе үеийнхээ хилчдээр бахархаж явдаг. Манай залуус бол 80 жилийн босгон дээр эх орныхоо хязгаарыг халдашгүй дархан байлгах үүргийг нэр төртэй гүйцэтгэж яваад баярлаж явна. Олон сайхан генерал, хурандаа, офицер, дайчид манай гэрээт болон хугацаат цэргийн албан хаагчид үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна. Эх орныхоо хил хязгаарт үүргээ нэртэй гүйцэтгэсэн олон сайхан ахмад, үе үеийн хүмүүс маань урам зоригоо нэмсэн баяр наадмаа хамтаараа тэмдэглэж байна. Би чөлөөнд, бэлтгэлд байгаа бүх генерал, офицерууддаа тэдгээрийн гэр бүлд нь улсын хил дээр нэр төртэй алба гүйцэтгэх үүрэг хүлээсэн бүх хилчид, тэдний ах дүү, төрөл төрөгсдөд чин сэтгэлийн халуун баяр хүргэе.

-Таны цол хэргэмүүдийг сонирхож болох уу?

-НҮБ-т зөвлөх эрхтэй, мэдээлэлжүүлтийн олон улсын аккадемич хүн. Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, цэргийн шинжлэх ухааны доктор, профессор, Хууль сахиулах их сургуулийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан ийм л хүн байна даа.

-Чөлөөндөө суусан ч гэсэн таныг одоог хүртэл завгүй ажилладаг гэж сонссон?

-Би 1991 онд гавьяаныхаа амралтанд гэр бэлтгэлд суусан. Түүнээс хойш голдуу эрдэм, номын ажил хөөцалдаж, орчин үеийнхээ залуучуудад өөрийнхөө мэдлэгийг хүртээх ажилд зүтгэж явна.

-Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна?

-Саяхан би Монгол Улсын хил хязгаарын аюулгүй байдал, тулгамдсан асуудал гэсэн 20 хэвлэлийн худас бүтээл бэлтгээд байж байна. Энэ маань удахгүй гарах байх. Үүнд зөвхөн өнгөрсөн үеийг биш, өнөөдөр Монгол Улсын төрөөс улсын хилийн аюулгүй байдлыг хангахад тулгамдаж байгаа асуудал, тэдгээрийг шийдэх арга зам механизмыг дэвшүүлсэн судалгаа, шинжилгээний бүтээл байгаа.

-Өнөөдрийн хувьд хил хамгаалах байгуулагад ямар асуудлууд тулгамдаад байна?

-Улсын хилийн аюулгүй байдлыг хангана гэдэг бол их нарийн асуудал шүү. Үнэдсний аюугүй байдлын салшгүй нэг хэсэг. Монгол Улсын батлан хамгаалах үүргийн салшгүй хэсэг. Эх орны хамгийн алслагдсан хил хязгаарт үүрэг гүйцэтгэж байгаа буюу цаашаа харвал дандаа хүний нутаг, наашаа харвал манай нутаг тийм хязгаарт хилчид үүрэг гүйцэтгэх амаргүй, хэцүү. Хамгийн гол нь бидэнд хил дээр хязгаар дээр хилчид үүргээ гүйцэтгэхэд төрөөс аюулгүй байдлыг хангахад найдвартай нөхцөл бүрдүүлэх ёстой. Бид тодорхой хэмжээнд сайн ажилласан. Гэхдээ цаг үеийн урсгалаар өнөөдрийн тавьж байгаа шаардлагыг биелүүлэхийн тулд хил хязгаарт ард түмэн маань ойрхон суумаар байна. Дайны үед ард түмнээ гэдрэг татсан юм байгаа нь. Одоо тэгж болохгүй. Манайх дээр үеэс эхлээд ард түмэн маань хил хязгаараа ээлжлэн сахиж, тэгж л өнөөдөр газар нутгийнхаа гүнийг хадгалж, энэ сайхан баялгыг бидэнд хүлээлгэж өгсөн. Цагийн аясаар хил хязгаарт суусан хүмүүс төв рүүгээ нүүдлээд байгаа. Арга ч үгүй, тэдний буруу биш. Нийгмийн хөгжил хаана илүүтэй байна, хаана соёл, боловсрол өндөр байна тийшээ явах ёстой. Гэхдээ эх орны хил хязгаараасаа эхлээд эмтэрдэг юм шүү дээ. Тэнд алба хааж байгаа хилчдийгээ манаагаа манахад нь сайхан зэвсэгтэй, техниктэй болгох хэрэгтэй. Гацаа, шалтгаангүй ажиллах бололцоо олгох хэрэгтэй. Сайхан амьдрах нөхцөл бүрдүүлэх хэрэгтэй. Өнөөдөр юм хийж байна. Гэсэн ч хийх зүйл их байна шүү. Тэр бол улс орны маань эдийн засаг, хөгжлийн төвшингөөс шалтгаална. Олон зүйлээс шалгаалах хэдий ч би үүнийг ээлж ээлжээр 2050 он хүртэл хэрэгжүүлэх арга хэмжээ гэж түрүүчийн бүтээлдээ гаргаж тавьсан. Үүнийг ээлж, ээлжээр хэрэгжүүлэх байх аа.

-Баярлалаа. Та баяраа сайхан тэмдэглээрэй.

Г.ДАША

0 comments:

Post a Comment