Sunday, July 21, 2013

ХААИС-ийн захирал хэн болох вэ?

Төрийн өмчийн их, дээд сургуулиудын сонгон шалгаруулалт дуусгавар болжээ. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас төрийн өмчит их сургуулиудын захирлын сонгон шалгаруулалтыг энэ оны нэгдүгээр сарын эхээр зарлаж, мөн сардаа оролцогчдын материалыг хүлээн авч дууссан. Гэвч Төрийн албаны зөвлөлөөс яамдын Төрийн нарийн бичгийн даргыг албажуулсны дараа их, дээд сургуулиудын захирлын сонгон шалгаруулалтыг явуулах чиглэл өгснөөр энэ ажил хойшилсоор долдугаар сартай золгосон ч ирэх долоо хоногоос шинэ захирлын нэрс тодорхой болох болжээ.

Төрийн өмчийн их сургуулийн захирлын албанд тушаалд нийт 50 хүн нэрээ дэвшүүлснээс эхний шатны сонгон шалгаруулалтаар МУИС-аас тав, ШУТИС-аас тав, ЭМШУИС-аас гурав, ХААИС-иас гурван эрхэмийн нэр хасагджээ. Ингэснээр үлдсэн нэр дэвшигчдийн дунд өрсөлдөөн болж, сонгон шалгаруулалтын комиссоос урьдчилсан байдлаар эцсийн дүнг танилцуулж эхэлсэн ч зарим дүнг Боловсрол, шинжлэх ухааны яаманд ирүүлээгүй байгаа аж. Эх сурвалжийн өгүүлснээр ХААИС-ийн ректорын албанд хэний нэр шалгарч тунаж үлдсэнийг тун их нууцалж байна. Учир нь тус сургуульд сонгон шалгаруулалт явуулсан комиссынхон дүнгээ яаманд ирүүлээгүй байгаа бөгөөд үүнд томоохон албан тушаалтны ашиг сонирхол орсонтой холбоотой байж болзошгүй аж. Тодруулбал, ХААИС-ийн захирлын суудлын төлөө УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн төрсөн ах Ж.Батчулуун өрсөлджээ. Дүнг танилцуулахгүй байгаа нь түүнтэй холбоотой гэх. Анх ХААИС-ийн захирлын сонгон шалгаруулалтад 10 хүн нэрээ дэвшүүлснээс гурав нь эхний шалгаруулалтаас хасагджээ. Ингэхдээ Ж.Батчулуун нь анхны шалгаруулалтад тааруухан дүн авсан ч төрсөн дүү Ж.Батзандангийнхаа хүчээр хоёр дахь шалгаруулалтад үлдэж чадсан гэх мэдээлэл байгаа юм. Түүгээр ч үл барам Ж.Батзандан гишүүн төрсөн ахыгаа ХААИС-ийн захирлаар томилуулахын тулд сонгон шалгаруулалтын дүнг яаманд танилцуулахад нь гацаа үүсгэж, хойшлуулж байна гэж үзэх хүн ч байна.

Ж.Батчулуун нь МҮЭХ-ны дэргэдэх "Хөдөлмөр"-ийн дээд сургуулийн захирлын алба хашдаг ч төрийн өмчийн их сургуулийн захирал болох гэж зүтгэж байгаа гэх. Одоогоор сайд Л.Гантөмөр амралтаа аван хөдөөг зорьсон бөгөөд ирэх долоо хоногоос ажилдаа орох аж. Тиймээс салбар хариуцсан сайд амралтаа дуусангуут нам нэгт гишүүнээ бодож төрсөн ах Ж.Батчулууныг ХААИС-ийн захирлаар томилох уу, эсвэл чадалтай боловсон хүчнийг томилох уу гэдэг нь ирэх долоо хоногт тодорхой болно гэсэн үг.

Түүнчлэн бас нэг УИХ-ын гишүүний түлхээсээр явж байгаа албан тушаал нь ЭМШУИС-ийн захирлын суудал аж. Энэ албан тушаалд УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын ойрын хамаатан М.Сүмбэрзулыг томилно гэх. Одоо бол тэр ЭМШУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажилладаг. Үүрэг гүйцэтгэгчээр томилоход нь сайд Н.Батбаярын нөлөө их байсан гэнэ. Тэгэхээр ЭМШУИС-ийн захирлаар М.Сүмбэрэлзул томилогдвол сайдын түлхээс нөлөөлжээ хэмээн ойлгоход буруудахгүй бололтой.

Ямартай ч нэг их сүр бадруулан зарлагдаж байсан төрийн өмчийн их сургуулийн захирлын сонгон шалгаруулалт эцсийн дүндээ эрх баригчдын хамаатан садныг тойрч бүрдэх бололтой.

МАН-ынхан өмнө нь эрх барьж байхдаа их сургуулийн захирлын томилохдоо гол төлөв намдаа алба хашиж байсан эрхмүүдээсээ шилж тавьдаг байсан бол АН-ынхан төрөл саднаа зүтгүүлж байна. Ялгаа ч алга шив.

Г.ДАРЬ

0 comments:

Post a Comment