Monday, July 8, 2013

Д.Батболдыг АТГ-т шалгаж магадгүй

Гуч гаруй насны татварын байцаагч хоёр бүсгүй нэг эрээс болж нэгнийхээ амь насыг хөнөөсөн аймшигт хэрэг энэ сарын 01-нд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 21 дүгээр байрны орцонд гарч, олныг цочирдууллаа. Талийгаачийг тус орон сууцны найман давхрын хонгилд араасаа  хоёр удаа хутгалуулж, 70 гаруй удаа хүйтэн мэсээр сийчүүлэн амь насаа алдсан болохыг цагдаагийнхан олж тогтоосон. Тэрээр 31 настай, Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст хяналтын байцаагчаар ажилладаг, аав, хүүгийн хамт хэрэг гарсан орон сууцанд амьдардаг байж. Түүнийг ийнхүү хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт тус татварын хэлтэст байцаагчаар ажилладаг Ч.Туяа нь гэгч бүсгүйг сэжиглэн хэрэг гарснаас 20 цагийн дараа Улсын мөрдөн байцаах газрын алба хаагчид түүнийг баривчлан, Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа юм.

Ч.Туяагаас авсан анхны байцаалтад тэрээр "Би жирэмсний амралтаа аваад гэртээ хоёр настай хүү болон ахынх  нь хамт асардаг. Гэтэл нөхөр маань талийгаачтай явалдаж байгаа гэх сураг байнга дуулдах болж, сүүлдээ энэ нь ч бидний амьдралд нөлөөлж, нөхөр маань хүүхдүүдээ ч,  намайг ч хажиглах болсон. Би өмнө нь хэд хэдэн удаа Э-тэй  ярьж, нөхрөөс минь холбоогоо таслахыг гуйсан, уулзаж ярилцахыг хүссэн. Гэвч тэр бүсгүй гуйлтыг минь хүлээн аваагүй. Тэгээд л тэвчээр алдран, архи ууж, зоригоо чангалж байгаад гэрийнх нь үүдэнд очиж уулзсан. Уулзсанаас хойш яг юу болсныг санахгүй байгаа, нэг ухаан ороод харсан чинь миний гар цусанд хутгалдсан байсан" гэж мэдүүлжээ. Ийнхүү байцаалтаар сэжигтэн хэргээ хүлээсэн, хутганаас сэжигтний гарын хээ олдсон тул цагдаагийнхан түүнд өс хонзонгийн сэдэлтэйгээр бусдын амь насыг зэрлэгээр хөнөөсөн хэрэгт буюу Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйл заалтаар эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм. "Хэрэв түүний гэм буруутай нь шүүхээс нотлогдвол арван таваас хорин таван жилийн хорих ял, эсвэл цаазаар авах ялаар шийтгэгдэх юм. Гэвч манай улсын хуулинд эмэгтэй хүнд цаазаар авах ял оноодоггүй  тул дээд тал нь 25 жилийн ялаар шийтгэгдэнэ" гэж прокурорын байгууллагын эх сурвалж хэллээ.

Хоёр бүсгүйн  нэг нь амиа алдан, нөгөө нь гянданд ял эдлэх болсон энэ хэрэг Д.Батболд гэх эрээс үүдэлтэй гэдгийг эх сурвалжууд хэлж байгаа юм. Д.Батболд нь анхны эхнэр, хүүхдээсээ салж, сэжигтэн Ч.Туяатай гурван жилийн турш  хамтран амьдарч байх үедээ талийгаач бүсгүйтэй нууц амрагийн харилцаа тогтоосон нь дурлалын гурвалжин үүсгэж,  маргаан, үзэн ядалт, өс хонзон, аллага, үхлийн эхлэл болсон байна. Д.Батболд нь Уул уурхайн яамны Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргын алба хашдаг бөгөөд одоогоор гэрчийн мэдүүлэгч өгч байгаа тул ажлаасаа түр чөлөө аваад байгаа гэнэ. Мөн тэрбээр сэжигтэн, талийгаач хоёр бүсгүйд ижил өнгийн "Volkswagen Touareg" маркийн автомашин бэлэглэн, бүсгүйчүүдийг ёстой л  "алаг үзэлгүй" хайрлаж, амраглаж байсан гэх. Хуулийн байгууллагын эх сурвалжийн мэдээлснээр "Хэрэв Д.Батболд нь багагүй үнэтэй хоёр автомашиныг хэрхэн худалдан авсан, бэлэглэсэн талаараа хөрөнгө орлогодоо мэдүүлээгүй бол автомашинуудыг авсан мөнгөний эх үүсгэврийг Авлигатай тэмцэх газарт шалгаж тогтоох болно" гэсэн юм.

Д.ЖАРГАЛСҮРЭН

0 comments:

Post a Comment