Friday, July 19, 2013

Эрдэнэт бохир ус цэвэрлэх байгууламжаа өргөтгөнө

Эрдэнэт бохир ус цэвэрлэх байгууламжаа өргөтгөнө

Эрдэнэт хотноо бохир ус цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийн барилга угсралтын ажлын нээлтийн ажиллагаа энэ сарын 17-нд боллоо. Аж үйлдвэрийн томоохон хот болох Эрдэнэтэд 1990 оноос хойш бохир ус цэвэрлэх байгууламжаа өргөтгөх, ажиллах хүчин чадлыг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлагатай байсан юм. Арван мянган иргэнтэй хотын бохир ус цэвэршүүлэх байгууламж 24 цагт 24,000 м3 бохир ус цэвэршүүлэх хүчин чадалтай боловч өнөөдрийн нөхцөл байдал, хүн амын өсөлт, аж үйлдвэрийн бүтээн байгуулалтаас шалтгаалан хоногт ажиллах хүчин чадлаасаа 75 хувиар илүү буюу 32000 м3 бохир усыг цэвэршүүлдэг байна. Энэ асуудлын хүрээнд 2008 оны зургаадугаар сарын 5-нд Бүгд найрамдах Франц улсын Засгийн газар, Монгол улсын Засгийн газар хооронд санхүүгийн протоколд гарын үсэг зурж байсан юм. 2008-2013 оныг хүртэл таван жилийн турш тендерт шаардлагад нийцсэн компани оролцоогүй, тендер зохион байгуулах ажил удааширч байсан бол Худалдан авах ажиллагааны газар тендерийг амжилттай зохион байгуулж, өргөтгөлийн ажлыг гүйцэтгэх компанийг шалгаруулснаар энэ ажлыг эхлүүлжээ.

Нээлтийн ажиллагаанд Франц улсын Элчин сайд Ив Дэлунэ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргал, Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга В.Сумьяасүх, БХБЯ-ны Орон сууц, нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжүүлэх газрын дарга Р.Эрдэнэцэцэг зэрэг зочид төлөөлөгчид оролцлоо.

Хоёр засгийн нүүр үзсэн 26 сая 945 мянга 579 төгрийн төсөвт өртөгтэй уг тендерт "Набсан" ХХК, "Монинжбар" ХХК-ын түншлэл 9 сая 118 мянга 21 төгрөг, "Очир" төв ХХК, "Наран рашаан "ХХК-ийн түншлэл 10 сая 260 мянга 57 төгрөг, "Комфорт импекс" ХХК, "ЧММ" ХХК-ийн түншлэл 8 сая 856 мянга 95 төгрөг, Ардааган ХХК, Байгууламж ХХК, Хангилцаг ХХК-ийн түншлэл 9 сая 384 мянга 340 төгрөгийн үнийн санал ирүүлж, тендер шаргаруулалтад оролцсон. Түүнээс "Ардааган" ХХК, "Байгууламж" ХХК, "Хангилцаг" ХХК нарын түншлэл шалгаруулалтын шаардлагад нийцэн, хамгийн сайн гэж үнэлэгдэж өнгөрсөн зургадугаар сарын 28-ны өдөр гэрээ байгуулж, сарын 19-нд барилгын газар шорооны ажил эхэллээ.

Франц улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар 9 сая 535 мянган евро буюу 14 сая 445 мянга 597 төгрөг, Монгол улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар 9,5 тэрбум төгрөг уг байгууламжийг бий болгоход зарцуулах юм. Үүнээс энэ онд 4,7 тэрбум төгрөгийг гүйцэтгэгч компанид гаргаж өгөх юм байна.

Бохир ус цэвэршүүлэх барилгын ажил 2015 оны есдүгээр сарын 1-ний өдөр дуусган хүлээлгэж өгөх бөгөөд 1990 оноос хойш 23 жилийн турш Эрдэнэтчүүдийн дунд яригдсаар ирсэн ажлын үр дүнг л харах үлдлээ.

Г.ДАША

0 comments:

Post a Comment