Saturday, July 20, 2013

"Халаасны өрөө"-нд амьдарсаар байх уу?

Түлэнхийн төв халаасны өрөөнд амьдарсаар байх уу?

Манай эрүүл мэндийн салбар нэг л биш ээ. Шулуухан хэлэхэд дампуурчихаж. Ёс­­­той нөгөө мянга чарласан ч үр дүн үзэгддэггүй "Нүд нь балай, чих нь дүлий" салбар болжээ.

Дарга, даамлууд нь төсвийн  мөнгөнөөсөө идэж, ууна. Эмч, ажилчид нь авилга авахаас нааш хөдлөхгүй. Бас болоогүй ээ, архи ууж наргисан үедээ хүний эрүүл мэнд, амь насаар тоглох нь энүүхэнд гээд цагаан өмсгөлтнүүдийн балгийг тоочоод байвал дуусахгүй.

Ийм байхад эрүүл мэндийн салбарыг дам­пуурчихсан гэхээс өөрөөр юу гэх билээ. 

Өнөөдөр Монгол Улсын эрүүл мэндийн байгуул­лагаар жилдээ 17 сая гаруй иргэн амбулаторийн үзлэг хийлгэж, 700 мянга орчим хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг гэх судалгаа бий.

Энэ нь нийгмийн нийт үйлчилгээний бараг 50 хувийг эрүүл мэндийн салбар дангаараа үзүүлдэг гэсэн үг. Хүн ам нийслэлд төвлөрч, нягтаршихын хэрээр элдэв осол ихээр гарах болсон.Тэр олон хүнийг гэмтэж, бэртээд ирэхэд тосон авч эмчилдэг улсдаа ганцхан эмнэлэг нь бидний нэрлэж зашсанаар шинэ Гэмтэл, согог судлалын үндэсний төв болон Түлэнхийн төв.

Одоогоос 50 гаруй жилийн өмнө Түлэнхийн төв ашиглалтад орж байсан түүхтэй. Гэтэл нэг л өдөр МХЕГ-аас шалгалт хийж эл эмнэлгийн барилгыг "хөгширсөн" гэх шалт­гаанаар үйл ажил­лагааг зогсоож, барилгыг нь нураах шийдвэр гаргасан.

Энэ л үеэс Эрүүл мэндийн яамны ард иргэдийн чихэн дээр цэцэг ургуулах ээлжит "үлгэр"-ийн эхлэл тавигдсан. Эрүүл мэндийн яамныхан хуучин барилгын оронд долоон давхар цоо шинэ Түлэнхийн төвийн барилга сүндэрлүүлэх ам өгсөн юм.

Харамсалтай нь өнөө­­дөр эл эмнэлгийн барилгын ажил эхлэх нь битгий хэл баригдах эсэх нь ч тодорхойгүй байна.

Энэ оны хоёрдугаар сараас "Мөнгөн гүүр" эмнэлгийн халаасны өрөөнд үйл ажиллагаагаа явуулж буй Түлэнхийн төвийн эмч, ажилчид эцэстээ аргаа барж, үгээ хэлж сууна.

Тэд "Жингийн цуваа явж л байдаг. Замын нохой хуцаж л байдаг гэсэн шиг Монголын төр дүлий шүү дээ. Манай төвийн эм­нэлгийн байрыг хэзээ барьж эхлэх, ашиглалтад оруулах нь тодорхойгүй байна. Энэ тухай сайд, дарга нараас асуухаар  "Удах­гүй ээ, хүлээж бай" л гэх юм. Бид чинь хүний амь насыг авардаг эмч нар. Стандартын шаардлага хангаагүй, түрээсийн бай­ранд эмчилгээ хийх хэцүү байна.

Уг нь өөрийн гэсэн том эмнэлэгтэй болчих аваас иргэдэд ашигтай, хэн хэнд маань амар л юмсан даа" хэмээн зовлонгоо  ярьж байна.

Түлэнхийн төвд тусгайлсан төсөв байдаггүй


Энэ талаар "Мөнгөн гүүр" эмнэлгийн Түлэнхийн төвийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал О.Хишигсүрэнгээс зарим зүйлийг тодруулав.

-Шинээр баригдах Тү­лэнхийн төвийн  ба­рилга яагаад одоог хүртэл шийдэгдэхгүй байгаа юм бэ?

-Яг хаанаа гацаад байгааг сайн ойлгохгүй л байна. Миний ойлгож байгаагаар газрын асуудал нь жаахан маргаантай байгаа юм билээ. Уг нь барилгын зураг төсөл нь гарчихсан. Мөн дулааны асуудлыг нь ч шийдчихсэн байгаа. Харин яг хэзээ ашиглатад орох талаар нарийн зүйл хэлээгүй байна. Ямар ч байсан энэ асуудлыг сайн хөөцөлдөж шинэ эмнэлгийн байртай  болох хэрэгтэй.

-Улсаас жилдээ та­най эмнэлэгт хэчнээн хэмжээний хөрөнгө, мөнгө төсөвлөдөг вэ?

-Улсаас тодорхой хэмжээний төсөв олгодог. Гэхдээ яг Түлэнхийн төвд гэх төсөв орж ирдэггүй.

-Яагаад тэр вэ?

-Манай эмнэлэг ГССҮТ-тэй хамтарсан төсөвтэй байдаг. Тэндээсээ бүхий л эм тариа, тоног төхөөрөмж зэрэг шаардлагатай зүйлээ авдаг гэхэд болно.

-Гэхдээ иргэдийн дунд танай эмнэлгийг тус­гайлсан төсөв түрээсийн мөнгөндөө ч хүрдэггүй гэх яриа байх юм. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Иргэдийн дунд яа­гаад ийм ойлголт байдгыг мэдэхгүй. Гэвч манай эмнэлэг бусад улсын эмнэл­­гүүдийн адил тө­рөөс төсөвлөгдсөн хө­рөн­гө, санхүүгээр үйл ажиллагаагаа явуулдаг шүү дээ. Үнэндээ ма­най эмнэлгийн тоног төхөөрөмж, эм тариа дутаг­далтай байдаг. Түлэгдсэн өвчтнүүдэд зайл­ш­гүй хэрэглэдэг цус, цусан бүтээг­дэхүүн, уураг, амин хүчил, тос, боол­тын материал зэрэг нь харь­цангуй өртөг өндөртэй болохоор хүртээмж болоод хангамж нь харьцангуй муу байдаг юм.

-Түлэнхийн төв нэлээд ачаалалтай ажилладаг нь анзаарагддаг. Одоогийн байдлаар хэчнээн өвчтөн хэвтэн эмчлүүлж байна вэ?

-Манайд эмч, сувилагч, ажилтан нийлээд 60 гаруй хүн ажилладаг. Үүнээс 12 нь их эмч байна. Мөн Сэхээний тасагт хоёр эмч байдаг. Ер нь манай эмч нарын тоо өвчтөнүүдтэйгээ харьцуулахад үнэхээр бага. Төсөв мөнгөндөө захирагдаад орон тоогоо нэмэгдүүлж чадахгүй байна.

Эмнэлгийн ачаалал харь­цангуй их. Манайд байнгын 80-100 өвчтөн хэвтэж эмчилгээ хийл­гүүлдэг. Өдөртөө дунд­­жаар долоон хагалгаа хийж, сэхээнд 10 өвчтөн байнга хэвтэж байдаг. Энэ барилга яг Түлэнхийн эмнэлгийн стандартад ний­­цээгүй болохоор асуу­далтай зүйл зөндөө гарна.

Хэдийгээр сүүлийн хэ­­­­дэн жилд Түлэнхийн төвийн эмч, ажилчид салбарынхаа сайд төдийгүй эрх баригчдад хандаж, олон удаа хүсэлт илгээж, гуйсан боловч хэн ч энэ асуудлыг шийдвэрлэж өгөлгүй өнөөдрийг хүрчээ.

Уг нь Түлэнхийн төвийн барилгын газар олголтын талаар Нийслэлийн Засаг даргын захирамж 2011 онд гарсан байдаг. Тухайн үед Эрүүл мэндийн яамнаас зураг төсөл боловсруулах, зөвлөх сон­­гон шалгаруулалт зар­­лаж зураг төслийг "ЭЗТ" гэх компаниар гүйцэтгүүлсэн болсон ч тэд ажилаа саяхан нэг юм дуусч байгаа сурагтай. Харин санхүүжилт, газрын мар­гаан нь яаж шийдэгдэж байгаад хариу хэлэх хүн олдохгүй л байна.

Стандартад нийцэхгүй "хөгшин" барилгаас хөөгдөөд бас л зориулалтын бус байранд байгаа нь эрүүл ахуйд бүр ч нийцэхгүй байгаа тул Түлэнхийн төвийг халаасны өрөө­нөөс даруйхан гаргах шаардлагатай байна, ЭМЯ-ныхаан.

Б.ТӨРБАТ

Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"

0 comments:

Post a Comment