Thursday, July 4, 2013

Аялал жуулчлалын мэдээллийн төвтэй болно

Монгол улсад ирсэн гадаад, дотоодын жуулчдад аялал жуулчлалын бүх төрлийн мэдээлэл өгөх, Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгалт болон байгалийн үзэсгэлэнт газрууд, хотын аяллын маршрутыг танилцуулах, аялал жуулчлалын байгууллагуудыг сурталчлах,  жуулчидтай холбох гүүр болох, гадаад, дотоодын жуулчид, гадаадад аялах Монгол иргэдэд аяллын мэдээлэл, зөвлөгөө өгөх, тусламж үзүүлэх зорилготой Нийслэлийн Аялал жуулчлалын газрын мэдээлэл, сурталчилгааны төвийг маргааш нээхээр боллоо.

Мэдээлэл сурталчилгааны төвд жуулчдад зориулсан лавлах утас ажиллах бөгөөд халаасны хулгай, хэрэг зөрчил, үйлчилгээний байгууллагуудын талаархи санал гомдлыг шуурхай хүлээн авч, хариуцах байгууллагуудаар нь шийдвэрлүүлэх юм.

Төвийн гадна талыг Үндэсний аялал жуулчлалын гол бүтээгдэхүүн, үзмэрүүдийг сурталчлахад зориулж, жуулчдын анхаарлыг татахуйц байдлаар тохижуулжээ.

Аялал жуулчлалын мэдээлэл, сурталчилгааны төв нь 40 хүний багтаамжтай иж бүрэн  сургалтын танхимтай бөгөөд энэ нь нийслэл хотын жуулчны үйлчилгээний байгууллагуудын ажилтнуудыг бүх шатны сургалтанд хамруулах, мэргэшүүлэх, давтан сургах хүчин чадалтай юм.

Аялал жуулчлал өндөр хөгжсөн хотуудын адилаар хоттой танилцах "City tour bus" тойрон аяллын автобус өдөр бүр тогтсон цагт төвийн гаднаас явж зочид, жуулчдыг Улаанбаатар хоттой танилцуулна.

МСТ-ийн нээлт 2013 оны 7дугаар сарын 05-ны өдөр болох ба нээлтэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн удирдлагууд, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны төлөөлөгчид, аялал жуулчлалын бизнес эрхлэгчид оролцоно гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

0 comments:

Post a Comment