Sunday, July 21, 2013

Үер буусны улмаас иргэд усанд боогджээ

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, "Ургах наран" хороолол, Баянзүрхийн автын шалган нэвтрүүлэх товчоо орчмоор өчигдөр хүчтэй аадар бороо орсны улмаас багагүй хүндрэл үүсчээ. Өчигдөр 17.50 цагаас эхлэн Нийслэлийн Онцгой байдлын газарт "айлууд усанд автсан, хүн гэрээсээ гарч чадахгүй байна, автомашин үерийн усанд суулаа" гэх дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн Эрэн хайх, аврах шуурхай салбарын зургаан албан хаагч, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 22 албан хаагч, дөрвөн автомашинтай ажиллаж, Баянзүрхийн гүүрнээс зүүн тийш 500 метр орчим зайд Туул голын салаанд боогдсон зургаан хүнийг аварч, аюулгүй газарт хүргэжээ. Мөн голын ус хальснаас 40 орчим автомашин голын эрэг дагуу усанд суусан байсныг татаж гаргасан байна. Үер буусны улмаас нэг байшин,   нэг гэр усанд автсан байсныг нүүлгэн шилжүүлжээ.

Ойрын өдрүүдэд түр зуурын дуу цахилгаантай, усархаг бороо орох төлөвтэй байгааг мэргэжлийн байгууллагаас мэдээлж байгаа тул аялал зугаалга, амралтын үед иргэд аюулгүй байдлаа хангаж, цаг агаарын мэдээг тогтмол хүлээн авч, баталгаат зам гүүрээр зорчиж, машинаар гол гатлахыг оролдохгүй байх, бага насны хүүхдийг хяналттай байлгах, голын усны төвшин нэмэгдсэн үед голд сэлэхгүй байж аюулгүй байдлаа сайтар хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүллээ.

С.ОТГОН

0 comments:

Post a Comment