Wednesday, July 17, 2013

Эзлэгдсэн байшин буюу гологдсон монгол ажилчид

Эзлэгдсэн байшин буюу гологдсон монгол ажилчид

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд  "Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэдийн тоо нь Монгол Улсын харьяат хүн амын гурван хувь, үүний дотор нэг улсын иргэн нэг хувь хүртэл байж болно" гэсэн заалттай. Хуульд нэг хувь гэж зааж өгсөн ч өнөөдөр БНХАУ-ын иргэдийн хувьд энэ хязгаарт нь бараг хүрчихсэн явж байна. Барилга бүр, зам бүр л хятад ажилчинтай. Гэтэл "Монгол залуус ажлын байр байхгүй байна" гээд л энд тэндгүй явж байдаг. Бас ч үгүй "муусайн хятадууд, вьетнамууд Монголд орж ирлээ" гэж даналзаад л.

Энэ талаар бичиж байхтай зэрэгцэн нэгэн залуу твиттертээ  "Манайдаа томд орох компанийн хүний нөөц залуутай уулзтал ажил хийх хүн алга. Удахгүй Хятад, Филиппин, Вьетнамаас ажиллах хүч оруулж ирнэ гэнэ дээ" гэж жиргэж байх юм.
Мөн саяхан танил ахын маань зам, барилгын компанийн гүйдэг нярав нь бас л өмнөд хөршөөс ажилчин авахаар Хөдөлмөрийн яам, Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газраар хүсэлт бариад гүйж байгаагаа хэлж байв. Уг нь монгол хүн ажиллуулна гэж нэг хэсэг зүтгээд бараагүй гэнэ. Би энэ гадныханд дуртайдаа авч ажиллуулах гээд байгаа юм биш. Монголчууд итгэл эвдээд байна шүү дээ. Цалин буусны маргааш ажилдаа хоёр гурав хоног ирэхгүй. Яг цалин буудаг өдөр нь цалин олгодог газар нь баахан авгай хүүхнүүд шавчихаад архидуулахгүй гэж цалинг нь өгчих гэж шална. Байнга хулгай хийнэ, арматур цутгах болоход цементний зуурмагт чулуу хольчихоод илүүдэл цементийг нь ачаад явж байхтай нь таарсан гэв. 

Өнгөрсөн намар Засгийнхан тариалангуудаар явж байхад бас л Хойд Солонгосоос ажилчид авчирч, ажиллуулж байгаатай таарч байв. Хөдөө орон нутагт ажлын байргүй гэдэг хэрнээ залуус нь ногооны талбайд ажиллахгүй гэж голдог гэнэ. Тариа хураах ажил гэдэг нь бас л цаг хугацаанд шахагдаж хийдэг ажил тул сургуулийн хэдэн хүүхдүүдэд хөлс өгөөд, дээрээс нь гаднын энэ хэдэн нөхдийг авч ажиллуулж байна гэж талбайн эзэн учирлаж байв.

Ахыг хүргэн дүүгийнхээ зуслангийн байшингаа бариулахад бүр хөгийн юм болов оо. Хоёр залуу авчирч юм хийлгэж л дээ. Ах маань ч өнөө хоёрын дунд нь ороод л ажиллаж байж. Гэтэл өнөө хоёр нь өөрсөдтэйгээ адил гаднаас ажиллахаар ирсэн ажилчин гэж бодоод "хөөе хөгшөөн, энэ хадааснуудаас нь зохицуулъя" гэх санал тавьж. Ах "хоёрын хооронд юм хийгээд яах юм бэ" л гэж. Гэтэл өөдөөс нь "хөгшөөн, цемент, будаг ирэхээр том хөдөлнө өө" гээд нүдээ ирмэсэн гэдэг. Эзэнтэй нь нийлж барилгын материалаас нь хусах гэж хөглөсөн нь энэ.

Дахиад л нэг жишээ. Машинаа янзлуулах болов. Найзуудын зөвлөгөөг үл даган, "үндэсний үйлдвэрлэл"-ээ дэмждэг баатар болоод Вьетнам засвар биш, монголчуудын кузов засварын газраар үйлчлүүллээ. Жинхэнэ гомдмоор, дуусгах ёстой хугацаанаасаа хоёр дахин хойшилж байж машиныг нь хүлээлгэн өгөхдөө жинхэнэ халтуурдсан, дээрээс нь өөр газарт нь шинэ гэмтэл хийчихсэн байв. Бас болоогүй машины алчуур, дугуйны боолт хүртэл хусчихаж.

"Нэг япон ирээд буцахад нь үйлчилсэн хүмүүс бид тааруу үйлчиллээ уучлаарай гэжээ. Тэгтэл япон хүн та нар буруугүй ээ. Харин би Монголыг сонгосон нь буруутай гэсэн" гэдэг шиг би монгол засвараар үйлчлүүлсэндээ өөрийгөө буруутгаад л, нөгөө даварсан үнэтэй вьетнамуудад очиж, мөнгөө бэлэглээд л өнгөрсөн. 

Зах зээл бол зүгээр л өрсөлдөөн. Монголчууд өөрсдөө энэ мэтээр итгэл эвдэж байгаа учраас гадныханд орон зайгаа алдсаар л. Гэрээс ажил хүрэх хоорондох вьетнам засварын газрыг тоолж үзлээ. Төвөггүйхэн хорин тав хүрэв.

Би дуртайдаа гадныханд мөнгөө зарлагадаад байгаа юм биш. Зүгээр л монголчууд маань гологдоод байна. Баригдаж буй байшингууд бүгд эзлэгдэж дуусахаас өмнө бид юу хийх вэ. Гадаад оронд очихоороо хамгийн сайн ажилчин, эх орондоо хамгийн хариуцлагагүй ажилчин болчихдог нь юуных вэ.

Чанартай, хариуцлагатай, сэтгэлтэйхэн шиг ажиллаад өгчих, тэгвэл тэр гадныхны нэхээд байгаа мөнгийг хамаагүй өгье.

Б.МАНДАХ

0 comments:

Post a Comment