Saturday, July 6, 2013

Монгол залуу Эрхүүд амиа хорложээ

Эрхүүгийн бизнес төвийн дээврээс монгол залуу үсэрч, амиа хорложээ. Хэрэг пүрэв гаригт гарсан бөгөөд 13 давхраас унасан залууг эмнэлэгт хүргэсэн ч ухаан оролгүй байсаар нас барсан байна.

Оросын Онцгой байдлын албаны мэргэжилтнүүд барилгын дээврээс үсэрсэн залууд амиа хорлохгүй байхыг анхааруулж, гурван цагийн турш ятгасан ч тусыг эс олжээ. Эрхүүгийн бизнес төвд очсон аврагчид түүнийг барьж авахын даваан дээр залуу үсэрч, амиа алдсан байна.

Талийгаач бизнес эрхэлдэг нэгэн байсан бөгөөд алдагдсан бичиг баримтыг нь сэргээж өгч туслахгүй бол амиа хорлоно гэж мэдэгдсэн талаар зарим эх сурвалж мэдээлсэн бол зарим нь "Ямар нэгэн шаардлага тавиагүй" гэж мэдээлжээ. Харин түүнийг хэдэн сарын өмнө бичиг баримтаа алдсан бөгөөд хүнд суртлын улмаас өнөөг хүртэл авч чадахгүй явсан тухай Life News мэдээлэлдээ онцолсон байна.

Гэрчүүд өглөөний 11.00 цагийн үед байрны дээвэр дээр хүн байгааг мэдээлсэн байна. Түүний харьяаллыг тогтооход хэсэг хугацааг зарцуулснаар Монголын иргэн болохыг нь тогтоожээ.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар бол талийгаач "Би Орос оронд хайртай. Гэтэл өнөөдөр би гэр бүлдээ тусалж чадахгүй байдалд хүрээд байна" гэсэн үгийг байн байн хэлж байжээ. Бизнесмэн залуу Эрхүү хотод хоёр жилийн турш худалдаа хийж байсан бололтой. Эрхүү мужийн Онцгой байдлын албаны ахлах сэтгэл зүйч Богдана Васильева гэгч эмэгтэй  ярихдаа, "Манай албаны мэргэжилтэн түүнтэй ярилцах гэсэн боловч талийгаач сэтгэл санааны маш их дарамттай байсан болохоор  холбоо тогтоож, ярилцаж чадахгүй байсан" гэжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР


0 comments:

Post a Comment