Friday, July 19, 2013

Аялал жуулчлалын цаглабар гарчээ

Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас дотоод гадаадын жуулчдад зориулсан цаглабар гаргажээ. Уг цаглабарт энэ сард болон ирэх саруудад хаана ямар соёл, спортын арга хэмжээ болохыг нарийвчлан заасан байна. Энэхүү цаглабарт монголчуудын амралт, тэмдэглэлт өдрийг тусгажээ. Цаглабараас ирэх онд болох түүх соёлын тэмдэглэлт үйл явдлыг ч мэдэж болох юм байна. Энэ сарын 21, 22-ны өдрүүдэд Алтайн нүүдэлчдийн баяр, Баян-Өлгий аймагт болох бол 23-ны өдөр Өвөрхангай аймагт Сарлагийн наадам, 24-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Өвөржаргалант хүүхдийн зуслан дээр "Гурван түмэн сарлагийн баяр" тэмдэглэх ажээ. Мөн үеэр монголчуудын сарлаг маллах арга аргачлалыг танилцуулж, сарлагийн гаралтай бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг зохион байгуулах юм байна. Долдугаар сарын 25, 26-нд Завхан аймгийн төвд 2222 морин хуурчийн тоглолт, 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутагт Адуучны баяр тэмдэглэх бол 27-28-нд Баянхонгор аймгийн Өлзийтөд Адуучин тэмцээн зохион байгуулж, 27-29-ний өдрүүдэд Завхан аймагт баруун бүсийн хурдан торины Их хурд уралдаан болно. Мөн энэ сарын сүүлчээр буюу долдугаар сарын 28-30-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Сайншандад Д.Данзанравжаагийн мэндэлсний түүхт ойг тэмдэглэхээр болжээ. Сарын сүүлийн өдөр буву долдугаар сарын 30, 31-нд Монголын бурхан шашин, соёлын "Соёмбо" хоёрдугаар их наадам Завхан аймгийн Улиастай суманд болох юм байна. Энэхүү арга хэмжээнд томоохон лам хуврагууд нэг дор цуглан ном хаялцаж майдар хурах гэнэ.

Д.ЦЭЭНЭ


0 comments:

Post a Comment