Monday, July 22, 2013

Арслангаар төгрөг мануулсан Завханы уран Минжүүр

Арслангаар төгрөг мануулсан Завханы уран Минжүүр

1960 онд манай улсад Зүүн Германы дээд хэмжээний зочид төлөөлөгчид албан ёсоор айлчил­сан байна. Засгийн газар, Гадаад хэргийн яам зочдод өгөх бэлэг бэлт­гэ хэмээн Урчуудын эвлэлийн хо­роонд үүрэгдлээ. Урчуудын эвлэ­лийн хороо нь Урчуудын артельд даалгавардлаа.

Урчуудын артель нь 1952 онд байгуулагдсан бөгөөд сийлбэрчин Хархорины Дорж, Гүнд (хожмоо хоёул урлагийн гавьяат зүтгэлтэн болсон),  мөн Жамьяншарав, Дарь­гангын дархан Балдан-Очир, нэх­мэл­чин Цэрмаа (урлагийн гавьяат зүтгэлтэн) нарын, эх орны өнцөг булан бүрээс цугласан гоц авьяас­тай урчууд ажиллаж байсан үе. Дээ­рээс герман зочдод өгөх уг бэлэг юу байх талаар тодорхой чиг өгөөгүй учраас эдгээр урчуудаас хэн нь ч бэлэг дурсгалыг хийхээр зориглосонгүй, бүгд зүрхшээж байсан гэдэг. Харин Завханаас ирж артельд ороод ганцхан жил бол­сон уран Ц.Минжүүр "Европынхон бүрх малгай, таягаар гангардаг бус уу. Зочдод сийлбэртэй таяг хийж бэлэглэвэл яасан юм бэ" хэмээн санаа оноогоо хэлсэн байна. Бусад урчууд уг саналыг сайшааснаар үл барам уран Ц.Минжүүрээр өөрөөр нь хийлгэе гэцгээжээ.

Ц.Минжүүрийн хийсэн луу ороож, бариулд нь угалзтай хайр­цаг шигтгэж урласан зандан модон таяг Германы зочдод маш их таа­лагдсан байна. Артельд ирснээсээ хойш аяга, тавагны хээ тавьж, янз бүрийн тоглоом төдийхөн хийж байсан Ц.Минжүүрийг өөрсдөөс нь давсан авьяастан гэдгийг бусад урчууд нь ч хүлээн зөвшөөрсөн байна. Түүнээс хойш төрж өссөн Завханмандал сум, Завхан аймаг даяар алдаршсан "уран Минжүүр" хэмээх алдар нь Урчуудын артель, Урчуудын эвлэлийн хорооныхны дунд нэр болон түгжээ. Ингээд Урчуудын эвлэлийн хорооны дарга Н.Цүлтэм (төрийн шагналт, ардын зураач) түүнийг Урчуудын эвлэ­лийн хо­роонд 1961 онд зураачаар урьж ажиллуулжээ.

Уран Ц.Минжүүр 1961 онд "Адуу­чин" зургаа монгол зургийн аргаар бүтээж, Германы үзэсгэ­лэнд тавьсан байна. Тэрхүү олон улсын үзэсгэлэнд дөрөвдүгээр байрт шалгарсан "Адуучин" зургийг ту­хайн үед ил захидал болгон хэвлэж байсан түүхтэй. Түүнээс хойш "Нэг­дэл", "Отгонтэнгэр", "Цаст оргил", "Баяр наадам", "Багануур" зэрэг олон шилдэг бүтээлээ монгол зургийн аргаар зурсан билээ.

Уран Ц.Минжүүрээс Б.Ринчен доктор долоо, Ц.Дамдинсүрэн академич дөрөв ах хэрнээ түүнтэй нэгэн үеийнх мэт дотно харил­цаа­тай байв. Уран Ц.Минжүүрийн хүү М.Дорж­­дэрэм тэдний тухай ингэж өгүүлж байна.

-Б.Ринчен гуай ааваар "Бөө­гийн тэнгэр" гэдэг зураг зуруулах гэж Хөвсгөлийн алдартай зайран Дам­динг дагуулж ирэн манай гэрт бөө­лүүлж байсан юм. Хоёр метр урт, наян см өргөн улаан торгон дээр аавын зурсан тэр зургийг Б.Ринчен гуай бичгийн ширээ­нийхээ ард өлгөсөн байдагсан. Тэрээр ма­найхаар их орж ирнэ. Ороод ирэ­хээр нь ээж нэг олбог дэвсч өгнө. Б.Ринчен гуай "Минжүү­рийн жан­лавтай адсаган дээр суухгүй" гээд тоглоом хийнэ шүү дээ. Аавд өөрөө хийсэн шавар шаа­зан аяга байлаа. Түүнд цай хий­хээр дотор нь зөрж зогссон хоёр морь харагддаг юм. Энэ аягаа Б.Ринчен гуайн хүргэн, гадаад хүнд өглөө гэж аав ярьж байсан. Бэлэг авсан гадаад хүн нь ч зүгээр бай­гаагүй болов уу. Аав нэг ГАЗ-67 машинтай болсон.

Ц.Минжүүр 1912 онд мэн­дэл­сэн бөгөөд Цэцэн Сартуул хо­шууны Тэгшийн хүрээнд багадаа ша­вилан сууж Буддын сонгодог ур­лал, бур­ханы тэг зургийн аргыг нэв­тэрхий эзэмшсэн нэгэн байж. Зу­раачийн нутаг-Завханмандал сум, Хүнгүйн голоос үе дамжсан гурван дархан төрсөн гэдэг. Гал дархан гэж байсан, зүүн тийшээ цөлөгд­сөн. Мөн Голио дархан. Гурав дахь нь уран Ц.Минжүүр. Дархан хүний хувьд тэрээр 1962 онд Богд хааны болон Чойжин ламын музейг сэр­гээн засварлаж үзмэрүүдийг нь алт­даж шарахад дархчуулыг ахлан голлож оролцсон. Түүнчлэн 1963 онд Төв номын сангийн эрдэнийн Жадамба болон бусад судрын алтан шармалыг бие даан сэргээж янзалсан байна. 1966 оноос Ган­дан­тэгчинлэн хийдэд суусан уран Ц.Минжүүр Энэтхэгийн Элчин сай­даар Бакула Ренбүүчийг Монголд 1989 онд ирэхэд Сайн цагийн мян­ган бурхан бүтээсэн билээ. Завханд уран Ц.Минжүүрийн бүтээсэн бур­хантай айл маш олон байдаг. Тэ­рээр өө­рийнхөө хүүхдүүдийг төрөх бол­гонд нэг нэг бурхан бүтээсэн бөгөөд Сартуулын шүтээн Бан­данлхам бурхныг арцны үндсээр сийлсэн нь түүний хүү М.Дорждэрэ­мийнд хадгалагдаж байна.

1963 онд улсын мөнгөн тэмдэгт зуруу­лах гэж зураачдаас шалгалт авахад уран Ц.Минжүүр шалгарсан байна. Төг­рөг, мөнгөний үсэг шриф­тийг хийх зураачаар Германд гра­фик, номын чимэг зургийн мэргэж­лээр дөнгөж төгсч ирээд байсан До.Цэрэнпил (урлагийн гавьяат зүтгэлтэн), мөн Урчуудын эвлэлийн хорооноос зураач Лувсанжамц нарыг нэмж томилон тусгай баг бүрдүүлжээ.

Ц.Минжүүр нарын гурван зу­раач 24 цагийн харуул манаатай Улсын төв банкинд 1963-1965 онд мөнгөн тэмдэгтийн эхийг бэлтгэсэн түүхтэй. Уран Ц.Минжүүр нэг өдөр нөгөө хоёртоо "Араатны хаан арс­лан айл гэрийг аюул осол, гай түйт­гэрээс хамгаалдаг гэж монгол­чууд бэлгэшээдэг. Иймээс арслан­тай авдрыг хоймроо тавьдаг. Түүн шиг манай улсын мөнгөн тэмдэг­тийг хамгаална, нөгөөтэйгүүр али­ваа юм нэгээс үрждэг утгаар арс­ланг нэг төгрөгт дүрсэлж үзлээ. Бол­моор байна. Яах вэ" гэж асуусан байна.

Хэрвээ, төгрөгийн нэгтийн дэвс­гэр дээр арс­лан зурсныг дарга нар мэдвэл зөвшөө­рөхгүй учраас энэ нууцыг задруу­лахгүй гэсэн хариуг хамтрагч хоёр зураачаасаа авч бай­гаа нь энэ. Гэхдээ дотроо ай­дас­тай байсан нь мэдээж. Тиймээс ч 1965 онд мөнгөн тэмдэгтийн эх загварыг Намын Төв хороогоор батлах үеэр дуудагдаж очихдоо тун эмээсэн гэдэг. Зураа­чийн хүү М.Дорждэрэм:

-Нэг өдөр Нийгмийг аюулаас хамгаалах яамнаас хоёр ахлагч хүрч ирээд "Таныг НАХЯ-ан дээр өглөө ир гэж байна. Дулаан хувцас­тай очоорой" гэхээр аав айгаад, будаг бийрээ төмөр хайрцагт хийж газарт буллаа. Өглөө нь намайг дагуулж очоод орохдоо "Аавыгаа гарч ирэхгүй удвал яваарай" гэсэн. Би ч нэлээд хүлээж байгаад буцлаа. Өдөр хичээлдээ яваад иртэл аав ирсэн байж байна. "Шоронд орох нь гэж бодож очсон чинь шаг­нуулаад ирлээ" гээд дээлийн торго, хоргой эмжээр, дөрвөлжин цагаа үзүүлж байсан. Дуудсан шалтгаан нь, Намын Төв хорооныхон "Үүнийг хүн зураагүй хэвлэсэн байна. Хэч­нээн уран ч гэлээ гараар ингэж зурна гэж байхгүй. Зурсан хүнийг нь дуудаад ир. Үнэхээр зурсан бол батлая" гэсэн яриа гарснаас бол­сон юм билээ гэж өгүүлж байна.

Уран Ц.Минжүүр нэгт, гуравт, тавт, аравт, хорин тавт, тавьт, зуутын нийт долоон дэвсгэртийг зурсан. Түүнчлэн 1964 онд гүйл­гээнд гаргасан нэг, тав, арав, арвантав, хорь, тавин мөнгөний эх загварыг бэлдсэн юм.

Төгрөг дээр "Хэрэв банкны тэмдэгтүүдийг хуурамчаар үйлдвэл гэмт этгээдийг хууль ёсоор хариуц­лагад татна" гэх мэт үг үсэг байдаг. Тэр бүх  шрифтийг бичсэн До.Цэ­рэн­пил "Минжүүр гуай зургаа зу­рах­даа нүдэндээ нэмэх хоёрын харааны шил зүүнэ. Дээр нь нэмэх тавын шил давхарлана. Хоёр давхар шилэн дээрээ том­руул­даг шил бариад зурдаг бай­сан" гэж өгүүлж байна. Тэр үед уран Ц.Мин­жүүр дөнгөж 51-тэй, нүдний хараа ч гайгүй байсан гэж бодоход хүн зураагүй хэвлэсэн гэж андуу­рахаар нарийвчлалтай зурсан нь бат­лагдаж буй.

Завханаар овоглосон уран Ц.Мин­­­жүүрийг лам байсан гэдэг үндэс­лэлээр төр засаг түүний амьд сэрүүнд нь гавьяа шагнал өгөхөөс гар татаж иржээ. Харин сартваахь зураачийн авьяасыг өвлөсөн ач хүү Д.Ганболд, Э.Мягмардорж нар нь орчин цагийн Монголын дүрслэх урлагт хөнгөн бийр хөдөлгөн, хүний сэтгэлийг хөвсөлзүүлэн уран зураг, уран бүтээлээрээ олны мэлмийг мялааж явна.

   
б.Ерэнтэй
"ҮНДЭСНИЙ ШУУДАН" сонин


0 comments:

Post a Comment