Thursday, July 18, 2013

Хамарын хийдэд хар замаар хүрнэ

Хамарын хийдэд жилд зорчих жуулчдын тоо 2012 оны дүнгээр 46 мянгад хүрчээ. Дэлхийн энергийн төвийг автозамаар холбох санхүүгийн чадвар Монгол Улсад байдаггүй юм байх даа гэх доромжлолын үг гадныхны амнаас гардаг л юм. Яагаад гэвэл Чойроос Сайншанд хүрэх энхил донхол ихтэй, говийн сул хөрстэй зам нь гадныханд төдийгүй, соёлжсон зарим монгол иргэдийн хувьд байгалийн онц гамшигт үзэгдэл болдог. Хэрвээ энэ маршрутыг эс сонговол галт тэргээр зөвхөн ирж очихдоо л хоёр өдөр зарцуулна. Улаанбаатараас Хамарын хийд орох дэд бүтцийн ийм сул хөгжил байхад л жуулчдын тоо жилээс жилд огцом өсч байгаа нь аялал жуулчлалыг хөгжүүлэх онцгой бүс, дэлхийн олон орны жуулчдыг татах сайн энерги Ноён Хутагтын нутагт байгааг илтгэнэ.

Тэгвэл одоо, тодруулбал ирэх наймдугаар сараас Улаанбаатараас Сайншанд ороход асуудалгүй боллоо. Галт тэргээр ирж очихдоо хоёр өдөр зарцуулдаг байсан энэ маршрутыг хэдхэн цагт туулна. Донсолгоотой, сул хөрстэй шороон зам бүр баяртай гэсэн үг болно. Хамарын хийдийг, Сайншандыг зорчих хүмүүс өглөө эртхэн гарч зорьсноо биелүүлээд оройдоо Улаанбаатарт ороод ирэх боломжтой болов. Америкийн ард түмний санхүүжилттэй Мянганы сорилтын сангийн төслөөр Чойр-Сайншандыг хатуу хучилттай замаар холбож, ашиглалтад өгснөөр ийм боломж гарч ирлээ.  Цемент, буталсан чулуугаар суурийг нь цутган хүчитгэж 13 жилийн баталгаатай замаар удахгүй зорчино.  Зам дагуу хоёр цэгт арчлалт, урсгал завсар хариуцсан иж бүрэн лаборитори бүхий 174.6 км энэ замыг дагаад жуулчдын тоо өснө. Аялал жуулчлалаас олох улсын орлого нэмэгдэнэ. Зам дагаж хөгжил гэдэг энэ ажээ.

Автомашин зорчих хэсэг нь долоон метрийн өргөнтэй, жолооч нарын мэдэх Чойрын замаас нэг метрээр өргөн энэ зам хамгийн түрүүнд "өөрийг нь дагасан" хоёр аймаг, таван сумынханд өгөөжөө өгнө. Энгийн жижиг жишээ дурдахад малчин Доржийнх Чойр, Сайншандын яг дунд нутагладаг. Өөрийн гэсэн унаатай ч, олон цаг явж энэ хоёр суурингийн аль нэгд хүрнэ. Олон цаг явдаг учраас борлуулах сүү, цагаан идээ нь замдаа гашилна, зундаа бол мах нь үнэр орно, шороонд даруулна. Гэр, малаа эзгүй хаяад тэгж олон цагаар явах боломж ч үгүй. Тэгвэл одоо Доржийнд автозам дагаад зах зээл нь өөрөө ирж байна. Сүү, мах, ноолуурыг нь худалдан авагчид өөрсдөө ирж авч байна. Хэрвээ тэдэнтэй наймаа таарахгүй бол Дорж гуай өөрөө хэдхэн цаг давхиад Чойр, эсвэл Сайншандад очоод эцсийн хэрэглэгч, худалдан авагчдад нь борлуулчихна. Одоо түүнд замын ченж хэрэггүй болов. Зам дагаад суурьшил бий болж, цайны газар зэрэг үйлчилгээний газрууд нээгдэж эхэлж байгаа учраас Дорж гуай бас заавал хол явж худалдаа хийх шаардлагагүй. Хэрэглэгчид, худалдан авагчид нь өөрсдөө зам дагаад Дорж гуайн гадаа иржээ. Харин ч тэр хавийнхан зам дагасан суурьшил, бүтээн байгуулалтуудад ажиллах ажлын байртай, давхар орлоготой болов. Зам зах зээлд хүргэнэ гэдэг энэ ажээ.

Монголд зах зээлд ороогүй, өрсөлдөгчгүй, монополиороо яваа ганц тээвэр бий. Тэр нь Алтанбулаг-Замын-Үүд хүртэлх төмөр замын тээвэр. Өрсөлдөгчгүй учраас үнэ тариф нь зах зээлийнхээ эрэлттэй нийцэж байгаа нь ч бүрхэг. Сонголтгүй учраас иргэд хэдэн өдрөөр хүлээж, хэдэн цагаар дугаарлан зогсч байгаад тасалбарыг нь аваад галт тэргээр зорчдог байв. Хүрэх газраа хүрч л байвал явдалдаа алдах цаг хугацаа  бол тэдний хувьд хоёр гуравдугаар асуудал байлаа. Тэгвэл Чойр-Сайншандыг автозамаар холбосноор, Сайншандаас Замын-Үүдийн чиглэлийн авто зам одоо баригдаж байгаа-ыг удахгүй ашиглалтад өгснөөр Улаанбаатар төмөр зам өрсөлдөгчтэй боллоо. Өрсөлдөгчтэй болсон учраас төмөр зам зах зээлд орно. Зах зээлд орохоор үнэ тарифаа зах зээлийнхээ эрэлтээр тодорхойлно, үйлчилгээ сайжирна. Цагийн хуваарьтай галт тэрэг хүлээх, хонон өнжин явж Улаанбаатарт ирэх үү, эсвэл өөрийн дураар автозамаар хэдхэн цаг давхиад хотод ирэх үү гэдэг сонголт иргэдийн өмнө бодитой бий болов. Ачаа тээвэр ч ялгаагүй урьдынхаас илүү сайн, илүү олон сонголттой болж байна. Өрсөлдөгчгүй, үргэлжийн давуу эрхтэй явсан төмөр замыг зах зээлд оруулсан нь магадгүй Чойр-Сайншандын замын хамгийн том давуу тал, ач холбогдол байх.

Зам хөгжилд хүргэнэ гэдэг энэ билээ.

Хэрвээ Чойр-Сайншандын замын зөвхөн ач холбогдлыг дагнан ярина гэвэл Монголоос давсан, олон улсын хэмжээний давуу тал бас бий. Монголын төмөр замыг хоёр их хөршөө холбосон гүүр гэдэг. Энэ үнэн. Бас Ази-Европыг холбосон төмөр замын хамгийн богино маршрут гэдэг. Олон улсынхан ч тэгж үздэг. Тэгвэл бид Чойр-Сайншандын замтай, тэр нь  цаашаа Замын-Үүдтэй холбогдсноор хоёр их хөршөө авто замаар давхар холбоно. Бас Ази-Европыг холбосон автозамын хамгийн богино маршруттай болж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс хамгийн богино зайгаар хоёр их гүрэн, хоёр том тивийг холбох авто болон төмөр замын "хос морь"-той боллоо. Зам  дэлхийд гаргана гэдэг энэ буюу.

"Бай"-гаа онож хийсэн хөрөнгө оруулалт, байраа олж хэрэгжүүлсэн төсөл гэдэг ийм л ач холбогдолтой, үнэ цэнэтэй.

Н.ЖАРГАЛТХАНГАЙ


0 comments:

Post a Comment