Monday, July 8, 2013

Чехээс дөрвөн тахь авчирчээ

Чех улсаас энэ сарын 2-ны өдөр дахин дөрвөн тахь тээвэрлэн  авчирч, Тахийн талд нутагшуулсан байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг маргааш Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвд болох хэвлэлийн бага хурлаар мэдээлэх  юм. БНЧУ Монгол Улсын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Прагийн амьтны хүрээлэн тахийг хамгаалан, Монголд нутагшуулах төсөл гурав дахь жилдээ хэрэгжиж байна. Чехийн хөгжлийн агентлаг 2011 оноос хойш 350 000 орчим ам.доллар, бусад түншүүд болон ивээн тэтгэгчид, ялангуяа Прагийн амьтны хүрээлэн, БНЧУ-ын Байгаль орчны яам мөн бусад хувь хүмүүс тусгай дансанд хандив хуримтлуулан нийтдээ 87 000 гаруй ам.доллар зарцуулжээ. Энэхүү төслийн хүрээнд 2011 онд дөрвөн тахь авчран Хомын талп нутагшуулсан бол 2012 онд ирсэн дараагийн дөрвөн тахийг Тахийн тал руу тээвэрлэн нутагшуулсан юм. Түүнчлэн төслийн хүрээнд Тусгай хамгаалалттай говийн Б бүсийн нутаг буюу Тахийн талд байгаль хамгаалагчдад зориулсан харуулын байр, машины гараж, өвсний агуулах барьж өгснөөс гадна автомашинууд, эм, эмнэлгийн хэрэгслүүд, радио станц олгож " Биж" багийн эмнэлгийн барилгыг сэргээн засварлажээ.

Долдугаар сарын 2-ны өдөр Чехийн цэргийн онгоц Ховд аймгийн Булган сумын нисэх буудалд газардаж тахьнуудыг Тахийн тал руу тусгайлан бэлтгэсэн ачааны машинаар зөөвөрлөжээ.

Д.ЦЭЦЭН


0 comments:

Post a Comment