Thursday, July 18, 2013

Хурдан морь унаач хоёр хүүхэд амиа алджээ

Улсын их баяр наадмын өдрүүдэд улсын хэмжээнд хоёр хурдан морь унаач хүүхэд амиа алдсан байна. Тиймээс энэ асуудлыг таслан зогсоохыг шаардан ХЭҮК мэдэгдэл гаргалаа.

Мэдэгдэлд: Хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангаагүйн улмаас энэ удаагийн Улсын их баяр наадмаар Архангай, Төв аймагт хурдан морь унаач хүүхдийн амь нас хохирсонд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс гүнээ харамсаж байна.

Комисс 2007 онд хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөрийн асуудлыг үндэсний хэмжээнд тусгайлан судалсан ба 2003, 2008, 2010, 2012 оны хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлдээ хүүхдийн аюулгүй байдлыг хангах, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх талаарх асуудлыг Улсын Их Хуралд илтгэн Засгийн газарт зөвлөмж өгч ажилласан. 

Мөн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн эрхийн хорооны 2010 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 1501 дүгээр хуралдаанаар Монгол Улсын Засгийн газарт хүүхэд бүрийн амьд явах эрхийг хамгаалахад бүх хүчин чармайлтаа дайчлахыг зөвлөсөн юм.

Үндэсний их баяр наадмын тухай хууль, Орон нутагт болох хурдан морины уралдааны явцад унаач хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах журам, Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага MNS 62645 2011 стандарт зэрэг хууль тогтоомж, Комиссоос өгсөн зөвлөмж, шаардлагыг хэрэгжүүлээгүй, мөн хурдан морь унаач хүүхэд амь нас, эрүүл мэндээрээ хохирсон тохиолдолд хохирлоо бүрэн дүүрэн нөхөн төлүүлэх эрх зүйн орчин болон хүлээлгэх хариуцлагын тогтолцоо байхгүйгээс хүүхэд амь насаа алдах, эрүүл мэндээрээ хохирч эрх нь ноцтойгоор зөрчигдсөн хэвээр байна.

Ялангуяа орон нутгийн түвшинд аймаг, сумын Засаг дарга, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Хүүхдийн төлөө үндэсний газар, түүний салбар нэгж, холбогдох хууль, хяналтын байгууллагууд, хурдан морины салбар комиссууд хүүхдийн эрхийг хамгаалах талаар хариуцлагагүй, хяналтгүй ажилласнаас болж хүүхдийн амь нас хохирч байгааг таслан зогсоохыг шаардаж байна.

Монгол Улсын Засгийн газар олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх тухай олон улсын байгууллагуудын шаардлагыг дэмжихийн зэрэгцээ хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдэд аюултай нөхцөл байдал үүсгэхгүй байх үүргийг хүн бүр хүлээж байгааг мэдэгдье.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс

0 comments:

Post a Comment