Friday, July 19, 2013

Захирлуудын сонгон шалгаруулалт өнөөдөр дуусна

Захирлуудын сонгон шалгаруулалт өнөөдөр дуусна

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас төрийн өмчит их сургуулиудын захирлын сонгон шалгаруулалтыг 2013 оны нэгдүгээр сарын  эхээр зарлаж, мөн сардаа оролцогчдын материалыг хүлээн авсан байна. Гэвч сонгон шалгаруулалтыг төрийн албаны зөвлөлөөс өгсөн чиглэлийн дагуу яамны төрийн нарийн бичгийн даргыг албажуулсны дараа явуулахаар хойшлуулаад байсан юм. Тэгвэл энэ сонгон шалгаруулалтыг энэ долоо хоногт явуулжээ. Сонгон шалгаруулалт өнөөдөр дуусч, дүнгээ гаргана.

Захирлын албан тушаалд өрсөлдөхөөр  МУИС-иас 10, ХААИС-иас 10, ШУТИС-иас 14, ЭМШУИС-иас 16 нийт 50 хүн нэрээ дэвшүүлж  материалаа ирүүлсэн аж. Эхний шатны сонгон  шалгаруулалтаар ШУТИС-иас тав, ЭМШУИС-иас гурав, ХААИС-иас гурван хүн хасагджээ. Харин  МУИС-иас дөрвөн хүн хасагдаж, нэг хүн нэрээ татсан байна. Эдгээр хүмүүсийн дийлэнх нь  бичиг баримтын бүрдүүлэлт дутуу, ажилласан жил хүрээгүй, ажлын байранд тавигдах шаардлага хангаагүй  гэсэн  шалтгаанаар хасагджээ.

Төрийн өмчит их, дээд сургуулиудын захирлын сонгон шалгаруулалт ямар дүрэм, журмаар хэрхэн явагдсан талаар албаны хүмүүсээс тодруулахад,

-Төрийн албаны зөвлөлөөс 2013 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн хуралдааны шийдвэрээр "Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг шалгаруулахдаа  баримталж ажиллах журмыг баталсан. Тус журмын 1.4.1-т зааснаар "Яамны шууд харьяа байгууллага (их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрийн төв, соёл, урлаг, шинжлэх ухааны байгууллага, улсын чанартай театр, чуулга, нэгдсэн эмнэлэг зэрэг)-ын дарга (захирал, эрхлэгч)-ын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг тухайн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн журамд заасны дагуу зохион байгуулна" гэснийг үндэслэн захирлуудын сонгон шалгаруулалтын ажлыг явуулсан. Журамд зааснаар удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах комиссыг салбар зөвлөлийн даргын  шийдвэрээр байгуулдаг гэлээ.

Журмын 9.1-д "Энэхүү журмын дагуу салбар (эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухаан, биеийн тамир, спорт зэрэг)-ын үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн сонгон шалгаруулалтын  төрөл,  үнэлгээг өгөх удирдамж, зааврыг батлан мөрдүүлж болно гэсэн заалтыг үндэслэн  БШУЯ-аас "Төрийн өмчийн их сургуулийн захирлыг сонгон шалгаруулахад баримтлах аргачлал"-ыг баталсан байна. Уг аргачлалд их сургуулийн захирлын ажлын байранд тавигдах дараах шаардлагыг  хангасан байхаар заажээ.

      Үзүүлэлт

         Чухал шаардлагатай

          Шаардлагатай

     Боловсрол

    Докторын зэрэгтэй

    Профессор цолтой

     Мэргэжил

    Тухайн их сургуулийн эрхэлдэг сургалтын аль нэг чиглэлээр дээд боловсролтой


     Мэргэшил

 

 

   Тухайн сургуулийн эрхэлдэг сургалт, судалгааны чиглэлээр мэргэшсэн


      Туршлага

    Боловсрол, шинжлэх ухааны салбарт удирдах албан тушаалд   5-аас доошгүй жил ажилласан.

    Менежмент, эрх зүйн зохих мэдлэг, туршлагатай

   Их, дээд сургуульд ажилласан, багшлах, эрдэм судлалын ажлын туршлагатай

      Ур чадвар

    Байгууллагын хамт олон, сургалт, судалгааны ажлыг удирдан зохион байгуулах чадвартай,

    2-оос доошгүй гадаад хэлний мэдлэгтэй

    Удирдах арга барил, манлайлах, харилцааны өндөр чадвартай

  Тусгай шаардлага

                хууль дээдлэх, ёс зүйн дүрмийг чанд сахих

Сонгон шалгаруулалтын үнэлгээг онооны зарчмаар хийх бөгөөд өгөх онооны хуваарийг комиссын хурлаар шийдвэрлэхээр аргачлалд тусгасан байна. Энэ дагуу тухайн сургуулийг хөгжүүлэх хөтөлбөр, хөтөлбөрөө хэрхэн хэрэгжүүлэх тухай ярилцлага, нэр дэвшигчийн давуу тал,  хөтөлбөрийг нь олон нийт үнэлсэн байдал зэрэгт  удирдах зөвлөл, тус бүрт нь комисс  оноо өгч үнэлсэн байна. Нийт 100 онооны үнэлгээтэй, босго оноо 80 байх бөгөөд 80-аас дээш оноо авсан нэр дэвшигчийг шаардлага хангасанд тооцон төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд танилцуулах юм.

Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс  сургууль тус бүрээс нэг хүний нэрийг сонгож БШУ-ны сайдад танилцуулснаар тухайн нэр дэвшигчийг сайд  баталгаажуулах үүрэгтэй. Дашрамд дурдахад өмнө нь төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс  2-3 хүнийг нэрийг дэвшүүлж тэндээс БШУ-ны сайд нэгийг нь сонгож баталгаажуулдаг байсан. Харин  энэ жилээс төрийн албаны зөвлөлөөс гаргасан 60 дугаар тогтоолын дагуу салбар зөвлөлөөс  нэг нэр дэвшигчийн нэрийг сонгон шалгаруулж сайдад өргөн мэдүүлдэг болсон байна.

Б.ГАЛ


0 comments:

Post a Comment