Sunday, June 16, 2013

Миний амьдрал тэнгэр шиг цэлмэг болно

Өсвөр насны охид жирэмсэн болж, залуугаараа ээж болох тохиолдол нэлээд байдаг. Тэгвэл тэдний цаана амьдрал, цэл залуу насны алдаа оноо нуугдаж байдаг аж. Тэр ертөнцөө нээж "Гүнж" төвийн дэргэдэх Залуу ээжүүдийн клубын гишүүн Н.Нармандах  бидэнтэй ярилцлаа.

-Насанд хүрээгүй залуу охин. Жирэмсэн болсноо мэдээд хамгийн түрүүн юу бодогдож байсан бэ?

-Анхны хүүхдээ 19 настайдаа гаргаж байлаа. Дөрвөн сартай жирэмсэн гэдгээ мэдээд гэрийнхэндээ хэлж чадалгүй нууж, нэлээд удсан. Ах маань их хатуу хүн, мэдчихээд "хар залуугаараа хүүхэдтэй болоод наадхаа авахуул мөнгийг нь олоод өгье" гэж байсан. Сүүлд нь эцэггүй хүүхэд биш болохоор гаргахыг минь зөвшөөрсөн. Тэр үед гэрлэлтээ батлуулаагүй ч гэсэн нөхөртэй, надаас нэлээд ах хүн. Тэгээд жирэмсэн гэдгээ хэлэхэд хоёулаа гаргахаар шийдээд төрүүлсэн. Гэтэл охиноо төрснөөс хойш ердөө ирдэггүй, нэг хэсэг ганцаараа хүүхдээ өсгөх ч юм шиг их айдаг байлаа.  Хүүхдээ гаргаад удаагүй байхдаа таарч тохиролгүй салсан. Би ээж, хойд эцэг хоёртойгоо амьдардаг, хойд эцэг маань намайг оролддог байсан. Тиймээс магадгүй надтай хэзээ нэгэн цагт гэрлэсэн хүн миний охиныг оролдох вий гэхдээ хүүхдээ нөхөртөө  үлдээсэн.

-Та хоёр хүүхэдтэй гэсэн. Бага хүүхдээ төрүүлэх үед эцэг, эх чинь хэрхэн хүлээж авсан бэ?

-Хоёр дахь хүүхдээ 21-тэйдээ гаргасан. Одоо ой гарантай. Гэрийнхэн маань "Нөхрөөсөө салаад удаагүй байж дахиад найз залуутай болоод хүүхэдтэй боллоо. Түрүүчийн хүүхдээ яая гэж байж эцэггүй хүүхдээр яах юм бэ. Тэр залуу чинь утсаар ярихгүй, холбоо барихгүй байгаа юм чинь чамайг хаясан л гэсэн үг" гэж зэмлэнэ. Найз нөхөд, таньдаг бүх хүмүүс л ингэж хэлж байсан. Гэсэн хэдий ч би хүүхдээ төрүүлсэн. Төрөөд дөнгөж долоо хонож байхад хойд эцэг "Эцэггүй хүүхэд төрүүллээ" гээд намайг гэрээсээ хөөгөөд явуулчихсан. Тэгээд төрөхөөс өмнө "Хүүхдийг чинь үрчилж авъя" гэж байсан хүмүүст аваачиж өгөхөөс өөр сонголт надад үлдээгүй. Гэтэл эх хүн хүүхдээ санааны зоргоор хүнд өгөөд явуулчихдаггүй юм билээ. Сар ч бололгүй би хүүхдээ санаж, бэтгэрч, байж сууж чадахаа ч байсан. Хүүхэд маань ч гэсэн өвчинд ороогдоод хүүгээ буцааж авсан.

-Хүүхдийн тань эцэг хаана байсан юм бэ. Таныг жирэмсэн гэдгийг мэдээгүй юм уу?

-Аав нь хөдөө ажлаар яваад сураггүй болсон. Намайг жирэмсэн гэдгийг ч мэдээгүй. Би хүүхдийн 40 мянган төгрөгөөс өөр зүйлгүй хот орж ирээд хамаатны айл, айлаар хүүхдээ харуулаад бараг найман сар явсан. Дараа нь хөлсөлж байсан жижигхэн өрөөндөө хүүхдээ ганцааранг нь орхиод айлын гэр цэвэрлэж, хивсийг нь угааж өгч тэр мөнгөөрөө л өөрсдийнхөө хэрэгцээг хангадаг байлаа. Үнэхээр хэцүү байсан. Гэтэл хөдөө ажлаар яваад таг болсон нөхөр маань дуулаад нэг л өдөр хүрч ирсэн. Одоо хүүхэдтэйгээ хамт гурвуулаа амьдарч байгаа.

-Анх "Гүнж" төвийг яаж олж, хэрхэн холбогдсон бэ?

-Хүүхдээ төрүүлсний дараа намайг туслах, дэмжих ганц ч хүн байгаагүй. Тиймээс би өөрөө өөрийнхөө төлөө л явах ёстой юм байна гэж бодоод 1950 руу залгаж байсан л даа. Хүүхдээ түр хугацаанд байлгах асрамжийн төв олдох болов уу л гэсэндээ тийшээ залгасан юм.  Учир байдлаа хэлтэл "Гүнж" төвтэй холбож өгсөн. Энэ төвийнхөнтэй уулзаж, хэнд ч яриагүй сэтгэл дотроо хадгалж байсан бүх зүйлээ дэлгэсэн. Тэд ч надад харамгүй зөвлөгөө өгч, амьдрах итгэл хайрласан. Сэтгэл онгойж, амьдралд хэзээ ч сөхөрч болохгүй юм байна гэдгийг ойлгосон. Их урам зориг, хүсэл тэмүүлэлтэй ч болсон. Гадаа гараад тэнгэр өөд харсан чинь тэнгэр хүртэл илүү цэлмэг харагдаж, миний цаашдын амьдрал ч гэсэн энэ тэнгэр шиг цэлмэг, сайхан болно гэж бодсон. Тиймээс "Гүнж" төвийн дэргэдэх залуу ээжүүдийн клубт хамрагдаж, залуу ээжүүдэд өөрийн сурсан бүхнээ зааж, тэдэнд урам зориг, итгэл найдвар өгөхийг хүсдэг болсон.

-Мэдээж ингэж урам зоригтой болсон хүн цаашдаа ихийг мөрөөдөж, их зүйл рүү тэмүүлэх болсон байх даа?

-Сүүлийн үед би маш их завгүй болоод байгаа. Тавдугаар ангиасаа хойш сургуульд яваагүй. Тийм учраас одоо "Ажилчин залуучуудын боловсрол дээшлүүлэх сургууль"-д есдүгээр ангидаа сууж байгаа. Цаашид "Гүнж" төвтэйгөө холбоотой байж, олон сургалт, үйл ажиллагаанд нь оролцож явна. Түүнчлэн би залуу ээжүүдэд талхны мөнгө өгөөд байх чадалгүй. Байлаа ч талхны мөнгө өглөө гээд тэр хүмүүсийн амьдралд жинхэнэ утгаараа тус болохгүй. Харин өөрийн ганц сурсан зүйл болох  гар урлалаа зааж өгөх юмсан гэсэн хүсэлтэй байгаа. Ингэвэл талхны мөнгө өгснөөс илүү тус хүргэх байх аа. Энэ чиглэлээр сургалт зохион байгуулна гэж боддог. Ер нь аль болох залуу ээжүүдэд хэрэгтэй ажлуудыг зохион байгуулж, тэдэнд тус болохыг л зорьж байна даа.

Б.ЭНХЧИМЭГ

0 comments:

Post a Comment