Friday, June 14, 2013

Нийслэл “Парисын гудамж”-тай болно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Бүгд Найрамдах Франц улсаас Монгол улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ив Дэлунэг өнөөдөр хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр тус улсын Элчид сайд нийслэлийн төвд "Парисын төв" байгуулах, "Парисын гудамж"-тай болох хүсэлтээ илэрхийлсэн байна. Засаг дарга Э.Бат-Үүл хүсэлтийн хариуд "Түүх соёлын арвин өвтэй Парис хотын туршлага бидэнд чухал ач холбогдолтой. "Парис хотын соёлын төв", Парисын гудамжтай болох нь бид бүгдийн мөрөөдөл байсан. Тиймээс Парис хоттой өргөн хүрээнд хамтран ажиллаж, өөрсдийн зүгээс бүрэн дэмжлэг үзүүлж ажиллах болно" гэдгээ мэдэгдсэн юм.

Мөн Францын хөрөнгө оруулагч компаниуд ус цэвэршүүлэх болон метроны төсөлд нийслэлтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа элчин сайдаараа дамжуулан илэрхийлжээ. Мөн ирэх есдүгээр сард Парис хотын албаны төлөөлөгчид болон Архитекторын их сургуулийн арав гаруй оюутан залуус ирж Улаанбаатар хотод барилгын чиглэлээр сурч буй оюутнуудтай уулзаж, "Гэр хорооллыг дахин төлөвлөх, орон сууцжуулах зураглал"-д хамтран ажиллахаар болжээ.

Д.ЖАРГАЛ


0 comments:

Post a Comment