Saturday, June 15, 2013

Налайх-Aгуйтын авто замын ажил эхэллээ

Улсын чанартай авто замын зүүн чиглэлийн эхлэлээс 11 км-т буюу Налайхаас-Агуйтын чиглэлийн 24.1 км замын шинэчлэлийн ажил эхэллээ. Гүйцэтгэгч байгууллага "Замын битум" компани европ стандартын дагуу ХБНГУ-ын "WIRTHGEN"  компанид үйлдвэрлэсэн авто замын хуучин хучилт болон хөрсийг хүйтнээр дахин боловсруулдаг WR 2500S  маркийн  машинаар үйл ажиллагаагаа эхэллээ.

Ингэснээр хуучин замын хучилтыг хуулж хаядаг, суурь хөрсийг дахин шинэчилдэг гэх мэт технологийн дамжлага үгүй болж, байгаль экологид ээлтэй хаягдалгүй, зардал багатай, хамгийн хямд өртөгтэй авто замын барилгын шинэ технологи орон нутгийн замд нэвтэрч байгаа юм.

Өмнө нь Сүхбаатарын талбайн зүүн тал, Шархад-16 дугаар хорооллын замд энэ технологийг ашигласнаар богино хугацаанд, чанартай зам тавьж байсан юм.

Мөн энэ технологиор аялал жуулчлалын гол бүс нутаг болох Налайх-Тэрэлжийн чиглэлийн 30.2 км авто замын шинэчлэлийн ажлыг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Да-фэнг" компани хийж байна. Онцлог нь тус компани ХБНГУ-ын WIRTHGEN компаний WR 2500S  маркийн  машины ижил загвараар өөрийн оронд үйлдвэрлэсэн авто замын хуучин хучилт болон хөрсийг хүйтнээр дахин боловсруулдаг машинаар замын ажлыг хийж байна. Энэ машин нь өртөгийн хувьд ХБНГУ-ын "WIRTHGEN" компанийн "WR 2500S" маркийн  машинаас бараг дөрөв дахин хямд өртөгтэй учраас замын нийт өртгийг хямдруулахад тодорхой хэмжээгээр нөлөөлнө гэж мэргэжилтнүүд үзэж байна.  Дээрх компаниудын зам барилгын ажилтай Зам тээврийн яамны газрын дарга Н.Батсуурь, Б.Мандат, Авто замын аяналт, эрдэм шинжилгээний төвийн хэлтсийн дарга Х.Хүрэлсүх нар танилцаж, гэрээнд заасны дагуу графикт хугацаандаа зам барилгын ажлаа чанартай хийж гүйцэтгэхийг үүрэг болголоо.   

Д.ЦЭЦЭН

0 comments:

Post a Comment