Sunday, June 16, 2013

Э.Амарбат: Прокурор хүчингүй болгосон

Э.Амарбат: "Говь повер"-ыг шалгах шаардлагатай гэсэн тогтоолыг прокурор хүчингүй болгосон
-Дуулиант хэргүүдийн талаар Авлигатай тэмцэх газрынхан албан ёсны хариулт өглөө-

Өнгөрсөн долоо хоногийг элдэв шуугиант хэргүүдийн дуулиантай өдрүүд гэж тодотгож болохоор. Энэ өдрүүдэд дуулиан дагуулсан МИАТ-ийн удирдлагуудын анхан шатны шүүх хурал болсон бол, Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд асан Ё.Отгонбаяр болон түүний эхнэртэй холбоотой хэрэг, Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатар, Татварын ерөнхий газрынхны гэж нэрлэгдсэн хэргүүдийн талаар дараалсан дуулиан дэгдэж байв. Эдгээр болон бусад хэргүүдийн талаар холбогдох албаныхан мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариулсан. Энэ бүх мэдэгдлүүдийн дотроос үргэлж олны анхаарлын төвд байдаг Авлигатай тэмцэх газар /АТГ/-ынхны мэдэгдэл жин дарав. Ингээд АТГ-ын Мөрдөн шалгах албаны дарга Э.Амарбатын   тус газарт  шалгагдаж  дууссан болон одоо шалгаж байгаа хэргүүдийн талаар дэлгэрэнгүй өгүүлсэн ярилцлагыг "News week"хүргэж байна.

-Үндэсний татварын ерөн­хий газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга асан  Ч.Гансүх нарын тэр­бумаар  тоологдох  мөнгө  эхнэр  хүүхэд, нууц  амрагийнх нь данс­наас илэрсэн гэх хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан уу?

-Татварын ерөнхий газрын хяналт шалгалтын хэлтсийн дар­гаар ажиллаж байсан Ч.Гансүх нарт холбогдох хэрэгт мөрдөн байцаал­тын ажиллагаа явуулаад  зарим нэг үйлдлүүдийг шалгаж тогтоосон. Тухайлбал, хууль бусаар хөрөнгөжсөн, мөнгө угаасан, бусдаас хээл хахууль авахыг завдсан, эрх мэдэл албан тушаалаа урвуулсан зэрэг үйлдлүүдэд яллах дүгнэлт үйлдүүлэхээр уг хэргийг өнгөрөгч пүрэв гаригт  Нийслэлийн прокурорын газар шилжүүллээ. Харин Ч.Гансүхийн төрсөн хүү болох Г.Ганзулын  дансаар 16 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгөн гүйлгээ хийгдсэн асуудлыг тусгаарлаж мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж  байна.

-ЗГХЭГ-ын дэд даргаар  томилогдоод удаагүй байсан Г.Дэнзэн өөрийн хүсэлтээр ажлаа өгчихлөө.  Харин АТГ-д Г.Дэнзэнгийн эхнэр  Д.Уянга бус тендер авсан  асуудлаар гомдол ирсэн гэх мэдээлэл байна. Үнэхээр ийм хууль бус зүйл байгаа юу, танайх шалгаж байна уу?

-ЗГХЭГ-ийн дэд  даргаар ажил­­лаж байсан Г.Дэнзэнгийн хамт­­р­ан амьдрагч Д.Уянга гэгч хүний эзэмшлийн "Говь Повер"  компани "Эрдэнэс-Тавантолгой" компа­ниас  Гаалийн хяналтын бүсийн үйлчил­гээ үзүүлэх тендерийн сон­гон шалгаруулалтад хууль бусаар шалгаруулсан гэх  асуудлыг манай байгууллага шалгасан. Шалгаад эрүүгийн хэрэг үүсгэх  үндэслэлтэй гэж үзээд  асуудлыг Нийслэлийн прокурорт танилцуулсан юм. Харин  прокурор бүрэн эрхийнхээ хүрээнд Эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй байна гээд манай тогтоолыг  хүчингүй болгоод байна.

-АТГ-аас чухам ямар үн­дэс­­лэлээр  эрүүгийн хэрэг үүс­гэх шаардлагатай гэж үзсэн бэ?

-Шалгалтаар  "Говь  Повер" ком­па­нийг Д.Уянга  бусдаас худал­­даж авсан байдаг.  Ингээд уг ком­па­нийн эзэмшлийн эд  хөрөнгийг нэг өдрийн дотор үнэлгээний ком­паниар үнэлүүлсэн. Гэвч үнэлгээг  хийхдээ тухайн  газар дээр очиж  бодит үнэлгээ  хийгээгүй. Нэг өдрийн дотор тус компанийг тэрбум төгрөгийн  хөрөнгөтэй гэх үнэлгээ гаргуулснаар  тендерт шалгарах нөхцлийг хангасан байдаг. Тендерт оролцох компани тэрбумаас доошгүй төгрөгтэй байх гэсэн  шаардлага  бий. Тэгэхээр тендерт   шалгарах нэг үзүүлэлтийг зориудаар бий болгосон магадлалтай байгаа нь тогтоогдсон.  Нөгөө талаар "Говь Повер" компани нь  сүүлийн  таван жилийн хугацаанд  нэг  тэрбум 800 мянган төгрөгөөс доошгүй хэм­­жээний ажил үйлчилгээг гүйцэт­гэсэн байх ёстой шаардлагыг хангаагүй байсан.  Харин ч үйл ажиллагааны орлого нь  эсрэгээрээ алдагдалтай байхаар тайланг татварын байгууллагад гаргаж өгсөн байдаг. Ерөөсөө л "Говь Повер" компани дээрх тендерт  шалгарах боломж­гүй байхад тендерийн үнэл­гээний хороо шалгаруулсан байна гэж үзэх нөхцөл байдлыг тогтоосон. Мөн Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээг үзүүлэхийн тулд зайлшгүй Гаалийн хяналтын бүсэд үйл ажиллагаа явуулах нөхцлийг бүрдүүлсэн газрыг эзэмшиж  байх ёстой. Гэтэл тендерийн сонгон шалгаруулалтыг явуулахдаа нийтдээ 10 аж ахуйн нэгжид  уг тендерт оролцуулах саналыг хүргүүлсэн боловч тэдгээрээс  найм нь  огт газаргүй компанийг бүртгүүлсэн. Тэгэхээр цаана нь ердөө хоёр компани зохих газрыг эзэмшиж байсны нэг нь "Говь Повер".  Өөрөөр хэлбэл анхнаасаа тендер шалгаруулалт хууль бусаар явагдсан гэх баримтууд.  Үргэлжлүүлээд эрүүгийн хэрэг үүсгэж  мөрдөн байцаалтаар сонгон шалгаруулалт  хэрхэн явагдав, үнэлгээний хороо хэрхэн ажилласан бэ гэдгийг бид  шалгах шаардлагатай байсан ч тогтоолыг хүчингүй болгоод байна. Тиймээс  энэ асуудлаар прокурорт гомдол гаргасан байгаа. Прокурор энэ асуудлыг дахиж хянах болов уу.

-УИХ-ын гишүүн С.Ган­баатарыг АТГ-т шалгаж бай­гаа гэх мэдээлэл гарсан. Чухам ямар үндэслэл, гомдлын дагуу шалгаж байгаа юм бэ?

-Монголын үйлдвэрчний эвлэ­лүүдийн холбоо /МҮЭХ/-ны удирдлагаас МҮЭХ-ны Тээвэр үйлчил­гээний төв зөвлөлийн авто­базын газар дээр орон сууц барих, уг баригдсан орон сууцнаас ҮЭХ-нд ажиллагсдыг  тодорхой хөнгөлөлтэй нөхцлөөр орон сууцаар хангаж ажлыг зохион байгуулахдаа холбооны  дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нар эрх мэдэл албан тушаалаа урвуулсан гэх гомдол манайд ирсэн.  Одоогоор асуудлыг хянаж байна. Үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.

-Говь-Алтай аймгаас УИХ-д сонгогдсон гишүүдийн талаар танайд гомдол гарга­сан гэсэн. Үндэслэлүүд нь  тогтоогд­сон уу?

-Говь-Алтай аймгийн Ардчил­сан намын дарга н.Амгаланбаатар  тус аймгаас УИХ-д сонгогдсон гишүүд  УИХ-ын гишүүний багц хөрөнгөөс тодорхой хөрөнгийг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,  ямар нэг хэмжээгээр хохирол учруулсан байж болзошгүй гэх мэдээлэл Аудитын байгууллагын тайлан дүгнэлтээр тогтоогд­сон гэх  асуудлаар манайд хандсан.

Говь-Алтай аймгийн Аудитын газрын хяналт шалгалтаар гишүү­дийн тойрогтоо зарцуулахаар төсөвлөгдсөн төсвийн хөрөнгөөс жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор иргэнд олгосон зарим хөрөнгө, тариалан эрхлэлтийг дэмжихээр  иргэдэд олгосон хөрөн­гө, аж ахуйн нэгж хоршоодод олго­сон хөрөнгө гэх зэрэг нийтдээ 421 сая төгрөгийн зээлийн асуудлаар эрүүгийн хэрэг үүсгээд байна. Одоогоор улсын хөрөнгийг хэн хэдий хэмжээгээр, хууль бусаар захиран зарцуулсан, хохирол уч­руул­­сан бэ гэсэн асуудлыг шал­гаж байгаа.

-Хууль зүйн сайд  асан, УИХ-ын гишүүн Ц.Ням­доржийг шалгуулах талаар УИХ-ын гишүүн  О.Баасанхүү АТГ-т хүсэлт гар­гаад байгаа. Ямар асууд­лаар ханд­сан бэ. Шалгаж байгаа юу?  

-УИХ-ын гишүүн О.Баасанхүү Авлигатай тэмцэх газарт Ц.Нямдорж гишүүнийг ямар хөрөнгийн эх үүсвэрээр хоёр хувийн хаус бариулсан болохыг шалгаж өгөхийг хүссэн. УИХ-ын гишүүний хөрөнгө орлоготой холбоотой асуудлыг УИХ-ын Ёс зүйн дэд хороо хянаж шалгахаар хуульчлагдсан байдаг. Энэ дагуу УИХ-ын Ёс зүйн дэд хороо шалгаад хэрэв эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр байна гэж үзвэл АТГ-т шилжүүлж шалгуулах ёстой. Тиймээс энэ асуудлыг эрх бүхий байгууллагад нь хандаж тавих нь зүйтэй гэсэн хариу өгөх гэж байна.  Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү  Ц.Нямдорж гишүүн нь "Энержи ресурс" компанийн Зайсан дахь орон сууцны хотхонд түрээсийн байранд үнэ төлбөргүйгээр амьдардаг гэх асуудлыг шалгах асуудлыг мөн тавьсан. Энэ асуудлаар  өмнө нь УИХ-ын гишүүн Х.Баттулга манайд  хандаж байсан.  Энэ хүрээнд АТГ шалгаад тухайн үед "Энержи ресурс" компанийн ашигт малтмалын үйл ажиллагаатай холбоотой эрүүгийн хэрэг үүсгэж шалгах шаардлага  байна гэж үзсэн юм. Харин  прокуророос хэрэгсэхгүй болгосон. Асуудал бүхэлдээ хүчингүй болсон тул Ц.Нямдоржийг  шалгах ажиллагаа давхар хүчингүй болсон гэсэн үг. Тиймээс Ц.Нямдоржийг шалгуулах хүсэлтийг О.Баасанхүү гишүүн прокурорын байгууллагад  гаргах нь зүйтэй болов уу.

-БНСУ-ын хөнгөлөлттэй зээлийн мөнгийг зүй бусаар зарцуулсан хэрэгт УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг мөн шалгаж байгаа гэж үнэн үү? 

 -БНСУ-ын хөнгөлөлтэй зээлийн хэрэгжилтийн талаар Үндэсний аудитын газраас гаргасан дүгнэлтийг үндэслэн Хууль зүйн сайд асан Ц.Нямдоржийг  шалгуулах гомдол бас ирсэн.  Энэ нь БНСУ-ын хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Холбооны хяналт, мэдээллийн сүлжээний санхүүжилтийг хийж, төсөл  хэрэгжүүлсэн,  төслийн хөрөнгийн зарцуулалт дээр эрүү­гийн хэрэг үүсгэн шалгаж байна.  Харин тухайн үед Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Ц.Нямдоржийг сэжигтнээр тооцон, эрүүгийн хариуцлагад татсан зүйл байхгүй. Хөрөнгийн зарцуулалтад л эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэж ойлгож болно.

-УИХ-ын гишүүн асан Х.Наранхүүтэй холбоотой хэрэг шалгагдаж эхэлсэн гэх мэдээ­­лэл гарч байсан. Энэ үнэн үү?

-Албан тушаалаа урвуулан ашигласан гэх асуудлаар  УИХ-ын гишүүн Х.Наранхүүд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Түүний хэрэгт  холбогдох Монгол-Израйлын хамтарсан "Шинэ технолож" компанитай холбоотой зургаан  тэрбум төгрөгийн  хохирол бүхий эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.  Хэргийн талаар зарим нэмэлт шалгалтыг хийх даалгавар  Прокурорын байгууллагаас манайд ирүүлсний дагуу зарим нэг зүй­лийг шалгасан. Удахгүй хэргийг проку­рорт шилжүүлэхээр төлөвлөж байна.

-Шүүхээс ял сонссон МАХН-ын дарга Н.Энх­баярын хэргээс  тус­гаар­­­ла­сан хэргийг үргэлж­лүү­лэн шал­гахаар  гадаад улсад гар­сан нэр бүхий хүмүү­сийг интер­полоор эрэн сурвалж­луулж байгаа. Ахиц гарсан уу?

-Шүүхээс 2.6 жилийн  хорих ял  сонссон иргэн  Н.Энхбаярын хууль бус хувьчлалын хэрэгт  түүний дүү Н.Энхтуяа, туслах Б.Хуяг, НИТХ-ын дарга асан Т.Билэгт нарыг эрэн сурвалжилж байгаа.  НИТХ-ын дарга асан Т.Билэгт АНУ-д цагаачлах хүсэлт гаргасан байна.  Саяхан Интерполоос манай байгууллагад энэ тухай мэдэгдэж, энэ хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах тухай албан бичиг ирүүлсэн. Т.Билэгтэд цагаачлах эрх олгох эсэхийг АНУ шийдвэрлэнэ.

-"Эрдэнэс Тавантолгой" компанийн гүйцэтгэх захир­лаар ажиллаж байсан Б.Энэбишийг  шалгуулах хү­сэлт гаргаад нэлээдгүй хуга­цаа өнгөрч байна. Эрүүгийн хэрэг  үүсгэсэн үү?

-"Эрдэнэс Тавантолгой" ком­па­нийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Энэбиш нарыг 1.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий 10 ширхэг самосмал машин, чанарын шаардлага хангахгүй дугуй зэргийг эрх мэдлээ урвуулан ашиглаж "Эрдэнэс Тавантолгой" компанид худалдан авсан хэрэгт буруутган эрүү­гийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн.

-Аймаг, дүүргийн Засаг дарга нартай холбоотой хэр­гүү­дийн  талаар мэдээлэл өгнө үү?

-Архангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ё.Баатар­билэгийг цагдан хорьсон байгаа. Холбогдсон хэргийнх нь талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломж. Дундговь аймгийн Засаг дарга С.Сүхбаатар өмнө нь аймгийнхаа Засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа хан­диваар өгсөн 25 сая төгрөгийг хэрхэн зарцуулсныг мөрдөн байцаа­лтаар шалгах шаардлагатай гэж үзээд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан М.Очирхуягийн тендер хууль бусаар сонгон шалгар­уулсан байж болзошгүй гэх хэргийг   шалгасан. Одоо нийслэлийн про­ку­рорын газарт хянаж байгаа.

-ИНЕГ-ын  дарга асан С.Батмөнхийн   хэргийг шал­гаж дууссан уу?

-С.Батмөнхийг  ИНЕГ-ын дар­гаар ажиллаж байдаа  тухайн үеийн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны зарим албан хаагчдад орон сууцны дэмжлэг үзүүлсэн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, хамааралгүй компанийн ажилчдыг дэмжсэн эсэхийг шалгаж байсан. Харин проку­ророос учирсан хохирол байх­гүй, эрүүгийн хэрэг үүсгэх үндэс­лэлгүй гэж хэрэгсэхгүй болгосон.

С.ОТГОНСҮРЭН

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №016



0 comments:

Post a Comment