Friday, June 14, 2013

Д.Хаянхярваагийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ

Д.Хаянхярваагийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн сонгогчдын сонгох эрхэнд халдсан гэх хэргийг Нийслэлийн прокурорын газарт хянаад, нэмж тодруулах зүйл бий гэх үндэслэлээр Улсын мөрдөн байцаах газарт нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ.

Дархан-Уул аймгийн 19 дүгээр тойрогт өнгөрсөн 2012 онд нэр дэвшихдээ ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгож буй нэг сая төгрөгийн үлдэгдлийг өөрийн нэр дэвшсэн тойрогт тараасан. Ингэхдээ Сангийн сайдын албан тушаалаа ашиглаж 330 мянга биш, дараа олгох 340 мянган төгрөгтэй хамтатган хүн бүрт 670 мянган төгрөг олгосон хэрэгт буруутган, сэжигтнээр татаж, Улсын мөрдөн байцаах газар/УМБГ/-т шалгаад багагүй хугацаа өнгөрч байгаа.

Түүнийг Эрүүгийн хуулийн 130 дугаар зүйл буюу иргэдийн сонгох, сонгогдох эрхэнд саад хийсэн хэрэгт буруутай болохыг УМБГ-аас мөрдөн байцаалтын явцад тогтоож хавтаст хэргийг прокурорт шилжүүлээд байсан юм. Харин Нийслэлийн прокурорын газраас Д.Хаянхярваад үүсгэсэн эрүүгийн хэргийг шалгаж, хянах явцдаа нэмж тодруулах зүйл байна гэж үзэн хавтаст хэргийг УМБГ-т саяхан буцаасан байна. Д.Хаянхярваагийн сонгогчдын саналыг худалдаж авсан эсэхийг тогтоох энэхүү маргаант хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад буцсанаар дахин хэсэг хугацаанд шалгагдах нь тодорхой болж байгаа бололтой.  

Хэрэв Д.Хаянхярваа гишүүнийг буруутай болохыг хууль хяналтынхан нотолж, шүүхээс буруутай гэж үзвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэх юм.

Д.ЖАРГАЛ

0 comments:

Post a Comment