Friday, June 14, 2013

Авлигачдын “соронз”

Авлигатай тэмцэх газраас /АТГ/ хээл хахуульд автсан, албан тушаалаа урвуулан ашигласан, одоо ч ашиглаж байгаа, ашиглахаар завдаж байгаа нөхдүүдийн зүрхэнд шар ус хуруулаад удаж байна. МАХН-ын дарга Н.Энхбаярын олон жил хамтрагчидтайгаа гар нийлэн "сүлжсэн" авлигын торыг АТГ хөвсөн нь хүн бүрт авлига, хээл хахуультай тэмцэж болдог юм байна гэх итгэлийг төрүүлсэн гэж хэлж болно. Өнөөдрийн байдлаар төрийн их хэмжээний мөнгийг хувьдаа завшсан, хээл хахуулийн торонд "орооцолдсон" байж болзошгүй гэх үндэслэлээр АТГ-т шалгагдаж байгаа томоохон хэргүүдийг тоймлон хүргэе.

"Эрдэнэс Таван толгой" компанийн захирал асан Б.Энэбишийг
1.6 тэрбумын хэрэгт шалгаж эхэлжээ 


"Эрдэнэс Тавантолгой" компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Энэбиш нарын албан тушаалтнуудыг Авлигатай тэмцэх газарт шалгаж эхэлжээ. 

Тодруулбал
, Б.Энэбиш нарыг 1,6 тэрбум төгрөгийн үнэ бүхий 10 ширхэг самосмал машин, чанарын шаардлага хангахгүй дугуй зэргийг эрх мэдлээ урвуулан ашиглаж "Эрдэнэс Тавантолгой" компанид худалдан авсан хэрэгт буруутган эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

Дундговийн Засаг дарга С.Сүхбаатар хандивын мөнгө завшсан байж болзошгүй


Дундговь аймгийн Засаг дарга С.Сүхбаатарыг Авлигатай тэмцэх газарт шалгаж эхэлжээ. Түүнийг өмнө нь Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа хандивын мөнгө болох 25 сая төгрөгийг зориулалтын бусаар ашигласан буюу завшсан байж болзошгүй гэх хэрэгт сэжигтнээр татан шалгаж байгаа аж.

УИХ-ын гишүүн асан Х.Наранхүүг шалгаж байна


УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Х.Наранхүүг Монгол-Израилийн хамтарсан "Шинэ технологи" компанитай холбоотой гэгдэх зургаан тэрбумын хэргийг Авлигатай тэмцэх газарт шалгаж эхэлсэн. Энэ хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа аж.

Мөн Нийслэлийн прокурорын газраас энэхүү хэрэгт нэмэлт шалгалт хийх даалгавар өгсөн бөгөөд үүний дагуу мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа гэнэ.

МҮЭХ-ны удирдлагуудыг шалгах уу?


УИХ-ын гишүүн, Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч асан С.Ганбаатар болон одоогийн ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нарыг шалгуулах хүсэлтийг үйлдвэрчний эвлэлийн салбар хорооны гишүүд Авлигатай тэмцэх газарт гаргаад байсан. Энэхүү хүсэлтийг Авлигатай тэмцэх газраас хүлээн авч, эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үндэслэлтэй эсэхийг хянаж байгаа аж. Хэрэв С.Ганбаатар, Х.Амгаланбаатар нарыг хууль зөрчиж, албан тушаалаа урвуулан ашигласан гэх сэжигтэй гэж үзвэл дараах хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгах юм. Тодруулбал, С.Ганбаатар, Х.Амгаланбаатар нарыг "Үйлдвэрчин хороолол", "Үйлдвэрчин цамхаг" гэх үйлдвэрчний эвлэлийн гишүүдийг орон сууцжуулах төсөл хэрэгжүүлж, эдгээр орон сууцыг барихын тулд МҮЭХ-ны харьяа Тээвэр үйлчилгээний төвийг хууль бусаар татан буулгаж, газрыг нь  хувийн компанид шилжүүлсэн нь хууль бус үйлдэл гэж хамтрагчид нь үзэж, шалгуулах хүсэлт гаргаад байгаа юм.

ҮТЕГ-ын Ч.Гансүх нарын хэрэг юу болов?


Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Гансүх, Төсвийн орлогын хураалтын тасгийн дарга Ч.Энхбат, ҮТЕГ-ын байцаагч О.Бямбасүрэн, Ч.Гансүхийн эгч, бага хүү Г.Ганзул нарыг  өнгөрөгч хоёрдугаар сард АТГ-аас саатуулан шалгаж эхэлсэн. Авлигатай тэмцэх газраас Ч.Гансүх нарт холбогдох хэргийг шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр нийслэлийн Прокурорын газарт хянуулахаар шилжүүлжээ. Харин Ч.Гансүхийн хүү Г.Ганзулын нэрийн дансанд 16 тэрбум төгрөг байршуулсан гэх хэргийг тусгаарлаж, мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжүүлж байгаа аж.

ҮТЕГ-ын Ч.Гансүх нарыг хууль бусаар  хөрөнгөжсөн, мөнгө угаасан, авлига хээл хахууль авахыг завдсан, эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлсэн болохыг мөрдөн байцаалтаар тогтоосон байна.


АТГ-аас Г.Дэнзэн нарын хэргийг дахин шалгах хүсэлтийг прокурорт хүргүүлжээ


Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, "Эрдэнэс Тавантолгой" компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Г.Дэнзэнг 17 тэрбумын тендерт өөрийн хамтран амьдрагч Г.Уянгын компанийг шалгаруулсан гэх хэргийг Авлигатай тэмцэх газар /АТГ/-т шалгасан. АТГ-аас Г.Дэнзэн нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгах хүсэлтийг прокурорт хүргүүлсэн ч Нийслэлийн прокурорын газраас Г.Дэнзэн нарыг шалгах үндэслэлгүй гэж үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

 АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат "Г.Дэнзэнгийн хамтран амьдрагч Г.Уянгын эзэмшлийн "Говь повер" компани нь "Эрдэнэс Тавантолгой" компаниас гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэх тендерт шалгарсан асуудлыг шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлтэй байна гэж үзсэн. Ингээд асуудлыг прокурорт танилцуулсан хэдий ч прокурорт бүрэн эрхийн хүрээнд эрүүгийн хэрэг үүсгэх шаардлагагүй хэмээн хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Г.Уянга нь "Говь повер" гэдэг компанийг бусдаас худалдаж авсан байдаг. Ингээд эд хөрөнгийг нэг өдрийн дотор үнэлгээний компаниар тухайн газар дээр нь очилгүй бодит бусаар үнэлүүлсэн нь тогтоогдсон. Ийнхүү тэрбум төгрөгөөр компанийн эд хөрөнгийг бодит бусаар үнэлсэн нь тендерт оролцох нөхцөлийг хангасан байдаг. Мөн тендерт шалгарах компани нь сүүлийн таван жилийн хугацаанд 1.8 тэрбумаас багагүй төгрөгийн үйлдвэр, үйлчилгээ явуулсан байх шаардлага тавьсан байсан. Гэтэл "Говь повер" компанийн үйл ажиллагааны орлого нь алдагдалтай байх тайланг татварын байгууллагад гаргаж өгсөн байсан. Ингээд "Говь повер" нь тендерт шалгарах ямар ч шаардлага хангаагүй байна гэж бид үзэж байгаа.

Мөн Гаалийн хяналтын бүсэд үйлчилгээ үзүүлэх компани нь гаалийн бүсэд үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлсэн газрыг эзэмшиж байх ёстой байсан. Гэтэл тендер сонгон шалгаруулахдаа нийтдээ 10 аж ахуйн нэгжид тендерт оролцох саналыг хүргэсэн боловч эдгээрээс найман компани нь эзэмшил газаргүй байсан. Анхнаасаа тендер сонгон шалгаруулалт хууль бусаар явагдсан гэдгийг нотлох баримтууд байгаа. Цаашид бид энэ асуудлыг дахин шалгах хүсэлтээ илэрхийлэн прокурорт гомдол гаргасан байгаа" гэв.

Архангайн экс Засаг даргыг саатуулсан хэвээр байна


Архангай аймгийн Засаг дарга асан Ё.Баатарбилэгийг өнгөрсөн тавдугаар сарын эхээр баривчилж, Зүүнхараа дахь Цагдан хорих ангид саатуулаад байгаа.

Одоогоор Ё.Баатарбилэгийг цагдан хорих хугацааг сунгаж, хэргийг шалгаж байгаа аж. Харин түүнийг яг ямар хэрэгт сэжигтнээр татсан тухай мэдээллийг Авлигатай тэмцэх газрын эх сурвалжууд нууцалж байгаа юм. 

Хөвсгөлийн М.Очирхуягийн хэргийг прокурорт шилжүүлжээ


Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан М.Очирхуягийн тендер хууль бусаар сонгон шалгаруулсан байж болзошгүй гэх хэргийг Нийслэлийн прокурорын газарт хянаж байна.

Түүнийг Авлигатай тэмцэх газарт шалгасан бөгөөд хэргийг саяхан прокурорын байгууллагад шилжүүлсэн ажээ.

М.Очирхуягийг 2009-2010 онд хийгдсэн тендерийг хууль бусаар зохион байгуулсан гэдгийг хууль хяналтын байгууллага болон Мэргэжлийн хяналтын газраас тогтоосон байдаг.

ИНЕГ-ын С.Батмөнхийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ


Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга асан С.Батмөнхийн төсвийн хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулсан гэх хэргийг өнгөрсөн оноос эхлэн Авлигатай тэмцэх газарт шалгаж байсан. С.Батмөнхийг ИНЕГ-ын даргаар ажиллаж байх хугацаандаа тухайн үеийн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны зарим албан хаагчдад орон сууцны дэмжлэг үзүүлсэн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, хамааралгүй компанийн ажилчдыг дэмжсэн эсэхийг шалгаж байсан. Харин прокуророос учирсан хохирол байхгүй, эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгожээ.

Д.ЖАРГАЛСҮРЭН

0 comments:

Post a Comment