Friday, June 14, 2013

Газар чөлөөлөх хуулийг бүх нийтээр хэлэлцүүлэхийг хүслээ

Газар чөлөөлөх хуулийг бүх нийтээр хэлэлцүүлэхийг хүслээ

Монголын хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх "Өөрчлөгч" клубээс өнөөдөр "Хүний эрх ба албадан нүүлгэлт" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. УИХ-ын нэр бүхий гишүүдийн санаачлан өргөн барьсан "Газар чөлөөлөлт, нүүлгэн суурьшуулалт, нөхөн олговрын тухай хууль"-ийн талаарх танилцуулгыг "Эмнэсти интернэйшнл", "Оюутолгойн хяналт" ТББ-уудаас танилцуулсан юм. Газрын тухай асуудал өнөөдөр Монгол орны өнцөг булан бүрт маш ноцтойгоор хөндөгдөж эхэлсэн. Хот суурин газарт  бүтээн байгуулалттай холбоотойгоор газар чөлөөлөх, нүүлгэх тухай яригддаг бол хөдөө орон нутагт уул уурхайн олборлолт, ашиглалтаас үүдэн энэ асуудал гарч ирдэг байх юм. Монгол Улсын нийт хүн амын 18 хувь нь л өөрийн өмчлөлийн газартай байгаа нь үнэхээр чамлалттай үзүүэллт гэдгийг хуульч, судлаач нар онцолж байна.  Газраа өмчлөн аваагүй ч ашиглан, эзэмшиж байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах шаардлага зайлшгүй тулгарч байгааг тэд хэлж байна. Газраа өмчлөн авсан байлаа ч төр газрыг буцаан авахдаа нэг ам метрийг нь ердөө 13200 төгрөгөөр үнэлж байгаа нь дэндүү чамлалттай ажээ. Энэ үнэлгээ 2003 онд тогтоогдсон бөгөөд арван жилийн өмнөх үнэлгээ өдгөөд нийцэх эсэх талаар огт ярихгүйгээс болж иргэд хохирсоор иржээ. Түүнчлэн албадан нүүлгэж, үнэ ханш тохирон худалдан авсан алин байлаа ч тухайн айл өрхийн амжиргаа дээшилсэн эсэхэд хяналт тавих, биет бус хөрөнгө, сэтгэл санааны хохирлыг үнэлэх үнэлэмж хараахан үгүй гээд олон улсын төвшинд нэвтэрсэн наад захын стандартыг яаралтай нэвтрүүлэх, дээрх нэр бүхий хуулиудад суулган хуульчилж өгөх  шаардлагатайг хуульчид хэлж байна.

Газрын асуудал бол зөвхөн эрх нь хөндөгдсөн хэдхэн хүний хэрэг бус Монгол Улсын иргэн бүрт хамааралтай учир дээрх хуулиудыг бүх нийтээрээ хэлэлцэх нь зүйтэй гэдгийг мөн онцоллоо. Манайд "Бүх нийтийн санал асуулгын тухай хууль" арваад жилйин өмнө батлагдсан хэдий ч өнөөг хүртэл нэг ч удаа бүх нийтээрээ санал өгсөн нь үгүй гэнэ. Тиймээс энэ удаагийн газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтийн хуулийг ард олноороо хэлэлцье гэсэн уриалгыг мөн дэвшүүллээ.

Д.ЦЭЭНЭ

0 comments:

Post a Comment