Sunday, June 16, 2013

Хэдэн монгол цагаачлах бол?

АНУ-аас цагаачлал хүссэн унзац хоолойтой хүн. Миний мэдэхийн арваад жилийн тэртээгээс өнгөрсөн жилийг хүртэл энэ хүн нийслэлийн уридлагад байсан. Сайхан монгол эр гэж хардаг байлаа. Гэтэл тэр хүн монголоосоо татгалзжээ. УИХ, нийслэлийн сонгууль болохоос зургаан сарын өмнө НИТХ-ын даргаар ажиллаж байсан тэр гэнэт алга болчихсон. Шалтгаан нь зүрхний мэс засал хийлгэх. /Ер нь сүүлийн жилүүдэд өндөр албан тушаалтнуудын зүрх ихээр өвдөх болсон. Ялангуяа ял авсан, хэрэгт сэжиглэгдсэн албан тушаалтнуудын дийлэнх зүрхний хагалгаанд ордог болжээ./ Их л ачаалалтай ажиллаж байж гэж өрөвддөг байлаа, тэднийг. Танил эмч маань зүгээр хүнд ч хийчихэж болдог энгийн мэс ажилбарууд гэж тайлбарлах хүртэл шүү дээ. Энэ ч яах вэ. Хамгийн гол нь дараагийн НИТХ-ын сонгуулиар шинэ хурал бүрдчихсэн. Шинээр дарга, даамлаа томилох тэр үед ч мөнөөх сайхан монгол эр ирээгүй. Одоо гэм нь сураг ч байхгүй.

АТГ-ынхан харин түүнийг авлигын хэрэгт холбогдуулан шалгаж, Интерполоор эрэн сурвалжилж эхэлснээ дуулгав. Гэтэл хашир саяхан АНУ-д цагаачлах хүсэлт гаргасан талаар өнгөрсөн долоо хоногт мэдэгдлээ. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат "Саяхан Интерполоос манай байгууллагад энэ тухай мэдэгдэж, энэ хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах тухай албан бичиг ирүүлсэн. Т.Билэгтэд цагаачлах эрх олгох эсэхийг АНУ шийдвэрлэнэ" гэж байна.
Тэнэг миний гарын сайхан монгол эрээр төсөөлж байсан тэр хүн харь орон руу зугтахдаа ч татвар төлөгчдийн мөнгөнөөс зардлаа гаргуулаад явчихжээ.

Дараа нь бас л "мужик"-аар төсөөлж байсан бас нэг хүнд шал дургүй хүрэв. Монголын номер нэг лидер гэгддэг байсан "давын өмнө" гэж голдуу ярьдаг тэр хүн ч одоог хүртэл эх орондоо ирэхгүй байгаа.

Өөрөө өвдөхгүй юм шиг, дэндүү муухайгаар хэлсэн бол болгоогоорой. Гэхдээ мань эр бас л зүрхний хагалгаанд орохоор АНУ-г зорьсон юм. Өвчин зовлон гээч хэлж бус хийсч ирдэг. Түүгээр нь ч холбох гэсэнгүй. Гэхдээ тэр одоо илааршсан гэж саяхан утсаар өгсөн ярилцлагадаа хэлсэн байна лээ. Над шиг "улаан фен"-үүд нь олоод уншсан байх.

Ямартай ч С.Баярын төрийн тусгай хамгаалалт нь ирэх аравдугаар сард дуусгавар болно. Хамгийн сүүлд өгсөн ярилцлагадаа "жижиг орон" гэж тэрээр Монголоо жишсэн байсан. Жижигхэн төсөвтэй орон нь өөрийг нь АНУ-д хамгаалахын тулд ямар зардал гаргаж байгааг мэдэж байгаа ч юм уу, үгүй ч юм уу. Ямартай ч тэр биднээс нүүр бууруулсан. Тэгснээ батлах мэт одоо хэр нь ирээгүй.

"Авлигатай тэмцээд хэрэггүй гэж хэн хэлэх юм бэ. Тэмцэх нь зөв. Гэхдээ яг одоо авлигатай тэмцээд байна уу, Ардын намтай онцолж тэмцээд байна уу гэх эргэлзээ нийгэмд төрөхөөр байна" гэж АНУ-аас тольдсон байна лээ. Магадгүй энэ түүний ирэхгүй байгаа шалтгаан байж болох уу. Мэргэн түргэнүүд нь мэдэж байгаа биз. Хариултыг танд үлдээе.

Ер нь бидний талцаад л манайх, танайх гээд байдаг хүмүүс иймэрхүү л болчихож. Түүний хэлснээр ардын намтай тэмцээд байна уу, авлигачид нь энэ намд бий юу?

Авлигын хэрэгт холбогдсон, дээр нь ял авч байгаа хүмүүсийг харахад МАН-ын нөхдүүд дангаараа шахуу бий. Тэгвэл энгийн нэгэн гаргалаа нь сүүлийн жилүүдэд энэ намынхан л албан тушаалтай байсан, тэр дундаа өндөр албан тушаалд. Тиймээс авлига авсан бол тэд л авч таараа гэх гаргалгаа гарна биз.

АН-ынхнын хувьд их л "но"-тойгоор гадаадын дансаа Хятадын Монгол гэж нээлгэсэн С.Баярцогт гэж нөхөр бий. Ерөнхийлөгч С.Баярцогтод "УИХ-ын гишүүнээсээ татгалзаж асуудлаа шалгуул" гэсэн юм билээ. Овоо доо. Дээр нь өөртөө хэд хэдэн тэрбумаар нь тендер завшдаг гэх Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаа өнгөрсөн пүрэв гаригт өгсөн Г.Дэнзэн гэж нөхрийг шалгуулах л хэрэгтэй. Энд аль нэгэн намыг өмгөөлж, хамгаалаад байх зүйлгүй. Биднийг луйвардсан, идсэн, завшсан л бол тэр луйварчин гэх ганцхан тодорхойлолт л байхад хангалттай. Олон юм бодож толгойгоо гашилгах хэрэггүй. Тэдний эх оронч үзлийг эгэл "тэнэгүүд" ойлгох ч үгүй.

Тиймээс л намчирхах хэрэггүй. Зүгээр л хариулах хэрэгтэй.

Асуулт 1.
-Хэдэн зуун тэрбумаар нь идчихсэн нь тогтоогдчихсон нөхөрт нь ял өгөхөөр "Эрх  баригчдыг эсэргүүцсэн хүмүүсийг агналаа" гэж орилоод байгаа хүмүүс ер нь хэн юм бэ?

Асуулт 2.
-Тэднийг эрх барьж ахуйд, хүүхдээ түлээгүй гэрт, хоолгүй орхисон эх кг махны мөнгө хулгайлаад 10 жилийн ял авч байхад юу гэж дуугарсан бэ?!

Хариулт 1-2.
Эхний асуултад "шипи" өгөхөд сөрөг хүчнийхэн. Хэрэв та тэдний нэг бол хоёр дахь асуултад хариулъя гэвч чадахгүй. Тиймээс зовоолгүйгээр зөв хариулт гэвэл "Хууль ийм" гэх хоёрхон үг байлаа. Луйвардаад сурчихсан хүмүүст тэрбум тэрбумаар яригдах хөрөнгө шамшигдуулах нь хэлмэгдүүлэлтийг санагдуулдаг бол арван мянгатаар тоологдох төгрөг тоншсон явдал хуулийг мөрдөх ёстойг сануулдаг. Бид эхнийхийг нь зөв зүйл хийсэн аятай түшээгээр сонгодог бол хоёр дахийг нь нийгмийн шаар гэж бичлэгийг нь хийж байгаад FB-ээр эрэн сурвалжилдаг. Зүй тогтлоороо бол хоёулаа, тэр дундаа эхнийх нь илүү хөнөөлтэй хулгайч шүү дээ.  

Тиймээс л жирийн иргэд нь ажил олдохгүйгээс боолын хөдөлмөр эрхэлж, амьжиргаагаа ахиулахаар алсыг зорьдог. Албан бус тоогоор Монгол Улсын 116-200 мянган иргэн хилийн чанадад сурч, ажиллаж, амьдарч байгаа гэх тооцоо бий. Өөрөөр хэлбэл, нийт ажиллах хүчний 9.3-18.6 хувь нь нутагтаа хөдөлмөрлөх боломжгүйгээс шүд, нүдээрээ шилүүлж байгаад харийг зорьсон гэсэн үг. Энэ тоо 30 эсвэл 40 хувьд хүрэхээр байсан ч эрүүл мэнд, хийгээд гоо сайхнаараа тэнцээгүй нь эндээс үлдсэн. Гэхдээ тэд эмчлүүлэх, цагаачлах гэж яваагүй шүү...

Гэтэл бас л саяхан даа, хоёрхон сарын өмнө. Н.Энхбаяр гэдэг тэргүүнээ намынхан нь "Ардчилал ба Улс төрийн хэлмэгдүүлэлт" сэдвээр Чингис зочид буудалд өмгөөлөн эрдэм шинжилгээний бага хурал хийсэн. Өмгөөлөөд байгаа тэр яаж идсэн уусныг нь хангалттай нуршсан болохоор орхиё. Харин төрсөн дүү Н.Энхтуяа, туслах нь байсан Б.Хуяг, Ерөнхийлөгч байхад нь Тамгын газрынх нь дарга байсан нөгөө унзад хоолойтой ах болох Т.Билэгт нарыг "Өргөө" зочид буудал, "Улаанбаатар таймс" сониныг хууль бусаар хувьчилж өөрийн үүсгэн байгуулсан "Эскон" компанид шилжүүлэн завшсан гэдэг нь нотолгоотой байна гэж үзсэн шүү дээ. Ийм хэрэг хийсэн олон хүн гадаадад гарсан гэх батлагдаагүй үг бий. Цаашид ч олон хүн цагаач хүсэх байх. Гэтэл бид бүгдийнх нь зовж байж цуглуулсан татварын мөнгийг луйвардаад насаараа идээд барахгүй хөрөнгөтэй болчихсон тэр мэт улстөрчдөөс хоосон "яс" төдийхөн авчихаад хаялгатай хүн гэж хошхирно.

Улстөржөөд ганцхан зүйл хэлчихэд, тэднийг идсээр байна гээд байхад сонгоод байдаг бид чинь ямар тэнэг улс вэ. Зах зээл эхэлж байхад ганц гахай ч чирж үзээгүй, насаараа төрд ажилласан хэрнээ тэрбумтнууд болчихсон луйварчид орой болгон телевизээр огиудас хүрмээр бурсаар л байх юм уу. Цаадуул чинь тэгээд "Суусан цэцнээс явсан тэнэг дээрээ" гээд яваад өглөө шүү дээ.  

Сүүлдээ тэдэнд музейгээ дээрэмдүүлсэн үлэг гүрвэл нь харьд орогнох байр олохоор дуудлага худалдаанд визгүй, харлаж яваад баригдаж нутагтаа ирлээ. Гэтэл хойноос ирээд хот манайх, хотонд ороод хонь манайх л болсон. Бие нь биш хөрөнгө нь өссөн хүмүүс гүрвэлийн "гэр"-ийг булаачихсан.

Жагсагчдын оргил цэг болсон төв талбайд Т.Батаар гуай "Яадаг юм бэ. Ясаа тавих газар алга" гээд тэмцлийн хурц хэлбэр болох хуурай өлсгөлөнг тулгууртай зарласаар л байна. Уг нь Батаар биш Баатар юм гэнэ лээ. Эцэстээ Монголын өнгөтэй өөдтэйг цөлмөөд дуусч, гадаадад гарсан луйварчин, урвагчдын Т.Баатар гуай шиг ясаа тавих оршуулга болох вий дээ. Юм л бол биесээ эрлийз, хурлийзаараа дууддаг тэр хүмүүс хоноцын сэтгэлгээгээр хандаад, цагаачийн ёсоо Монголоос дүрвээд байгаа бус уу. Ер нь хэдэн баяжсан Монгол цагаачлахыг хүсч байгаа бол...

Л.НАРАНТӨГС

0 comments:

Post a Comment