Sunday, June 16, 2013

Ё.Отгонбаярын найз А.Чинбат гэгч хэн бэ?

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг бусдаас 230 сая төгрөгийн авлига нэхсэн, түүнийг нь өгөхгүй болохоор иргэн Ц-д дарамт үзүүлж, айлган сүрдүүлсэн нь баримтаар нотлогдсон гэх мэдээллийг хоёр долоо хоногийн өмнө Улсын мөрдөн байцаах газраас мэдээлж байсан билээ.

Тэгвэл дээрх хэргийн учир захаасаа тайлагдаж эхэлж буй бололтой. Тодруулбал, Ц гэгч нь "Тавин лан" компанийн захирал Х.Цогнойжамц аж. Тэрээр Налайх дүүрэгт дунд сургууль барьж ашиглалтад хүлээлгэн өгөх болтол Улсын комисс хүлээж авахгүй байж. Улсын комисс барилгыг хүлээн авахад Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас тодорхой шийдвэр гаргах шаардлагатай байсан гэнэ. Тиймээс "Тавин лан" компанийн захирал Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд хандан асуудал тавьтал яах нь мэдэгдэхгүй тодорхой хариу өгөхгүй байсан. Гэтэл сайд Ё.Отгонбаярын багийн найз, бараг ажилд нь тусалдаг гэх А.Чинбат хэмээн өөрийгөө танилцуулсан эрхэм Х.Чогнойжамцад хандан "Би Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярыг сайн мэднэ. Барьсан барилгыг чинь Улсын комисс хүлээж авах талыг хариуцъя. Харин шанд нь барьсан барилгаа улсад худалдсаны дараа тодорхой хэсгийг өгөөрэй" гэх ухааны юм ярьж. Одоо дээрх хэрэгт холбогдуулан А.Чинбатыг саатуулаад байгаа юм. Х.Чогнойжамц тэр үед "Сарынх нь цахилгаан, дулааны мөнгөд 6-7 сая төгрөг төлж байгаа болохоор зардал их гарч буй тул аль болох хурдан Улсын комисст хүлээлгэж өгөх хэрэгтэй байна. Гэхдээ зуучилсан хойно яаж зүгээр байх вэ" гэх маягтай зүйл ярьжээ. Тэдний дунд иймэрхүү яриа болж өнгөрсөн ч обьектыг тэр даруй Улсын комисс хүлээж авсангүй, хэрхэх нь мэдэгдэхгүй байж байтал нэг өдөр А.Чинбат Х.Чогнойжамцад хандан сайд Ё.Отгонбаяртай уулзуулахаар болсон тухай хэл дуулгажээ. Тэр ёсоор талууд уулзаж, энэ үед сайд Ё.Отгонбаярын зүгээс Х.Чогнойжамцыг тодорхой хэмжээний мөнгө өгөхийг хүсчээ. Энэ үед Х.Чогнойжамц "За" хэмээн зөвшөөрсөн бололтой. Тэгтэл УИХ-ын сонгууль болж Засгийн газар солигдож, дээрх яриа ч үндсэндээ ажил хэрэг болох эсэх нь тодорхойгүй байдалд орсон тухай эх сурвалж мэдээлжээ. Гэтэл өнөөх барьсан барилгыг Улсын комисс өнгөрсөн өвөл хоёрдугаар сард хүлээн авснаар Х.Чогнойжамц  4.7 тэрбум төгрөгийг гар дээрээ авсан гэх. Энэ үеэс сайд Ё.Отгонбаярын найз А.Чинбат байн байн утасдаж, мөнгөө өгөхийг шаардах болсон аж. Харин Х.Чогнойжамц эсэргүүцсэн бололтой юм. Эндээс эхэлж зөрчил үүсч, улмаар түүнийг Энхтайвны гүүрэн дээр машинаа унаад явж байх үед хэсэг залуус зогсоож боомилжээ. Тэд "Сайд Ё.Отгонбаярын явуулсан залуус байна. Хэлсэн мөнгөө өг" хэмээн дарамталж хоолойг нь боосон аж. Барьсан барилгаа арайхийж улсад худалдсаныхаа төлөө амиа ч алдаж мэдэх аюултай байдалд орсон тул арга буюу цагдаагийн газарт ирж болсон үйл явдлыг бодитоор нь хэлжээ. Харин энэ үйл явдлаас эхэлж цагдаагийнхан мөшгисөөр УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэрийнх нь нэр дээр 26 данс байгааг илрүүлсний зэрэгцээ түүгээр 2009-2013 оны хооронд нэлээн их хэмжээний гүйлгээ хийгдсэн болохыг тогтоогоод байна. Гэхдээ О.Эрдэнэсолонгыг батлан даалтаар гаргаад буй юм. Мөн энэ хэрэгт холбогдуулан цагдаагийнхан УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар ажиллаж байхад нь тус яаманд Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын алба хашиж байсан С.Наранцогтоос мэдүүлэг авсан гэх  яриа бий.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын хувьд өнгөрсөн УИХ-ын сонгуульд Булган аймагт нэр дэвшихийн өмнө тухайн тойргоос сонгогдсон байсан УИХ-ын гишүүн асан Э.Мөнх-Очирт хандан "Би Булганд нэр дэвшихгүй бол болохгүй байна. Маш хүнд байдалд орчихоод байна" гэх утгатай зүйлийг ярьж байсан гэх яриа улстөрийн хүрээнийхэн дунд өрнөдөг. Энэ нь магадгүй дээрх үйл явдлаас болж, хэзээ нэгэн цагт асуудал үүсэхэд УИХ-ын гишүүний бүрэн эрх гэдэг зүйл хэрэг болж магадгүй гэдэг үүднээс Булган аймагт нэр дэвшин Э.Мөнх-Очирыг өнгөрсөн сонгуульд өрсөлдүүлэлгүй өнжүүлсэн байх талтай гэх яриа ч гараад буй билээ. Ямар ч байсан УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын багын найз хэмээн өөрийгөө танилцуулж, Х.Чогнойжамц гэгчээс 230 сая төгрөг нэхэж байсан А.Чинбатыг хууль хяналтынхан саатуулсан болохоор нэлээд сэжүүр эндээс гарч ирэх бололтой.

Г.ДАРЬ

0 comments:

Post a Comment