Monday, May 27, 2013

Дэлхийн байгаль орчны өдрийг Монголд тэмдэглэнэ

Дэлхийн байгаль орчны өдрийг Монголд тэмдэглэнэ

НҮБ-ын Ногоон хөгжлийн хөтөлбөртэй хамтран Монгол Улс "Дэлхийн байгаль орчны өдөр"-ийг ирэх сарын 1-5-ны өдрүүдэд эх орондоо зохион байгуулахаар болсон талаар Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун болон Гадаад харилцааны сайд Л.Болд нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.

Жил болгон энэ өдрийг улс орнууд тэмдэглэхийн зэрэгцээ аль нэг орныг сонгон НҮБ хамтран ажилладаг юм байна. Энэ удаад Монголд тэмдэглэхээр болсон нь ямар шалтгаантайг БОНХ-ийн сайд С.Оюун тайлбарласан юм.

Монгол Улс НҮБ-ын Ногоон эдийн засгийн төлөө түншлэлд нэгдэн орж байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан НҮБ-ын Байгаль орчны хөгжлийн хөтөлбөрийн дарга Улаанбаатарт дээрх өдрүүдэд хүрэлцэн ирэх юм байна. Байгаль орчны өдрийн хүрээнд хүүхдийн аялал, бүх нийтийн марафон гүйлт, үндэсний чуулга уулзалт зэрэг олон нийтийн арга хэмжээнээс гадна Монголын анхны салхин цахилгаан станцыг ашиглалтад хүлээгн авах юм байна.

Шинэчлэлийн Засгийн газар анх удаа байгаль орчин, ногоон хөгжлийн асуудал эрхэлсэн яамыг бодлогын чиг үүрэгтэй байхаар зохион байгуулсан ба мөрийн хөтөлбөртөө уул уурхайн салбарын өсөлтийг ногоон эдийн засгийн хөгжилтэй холбох концепцийг боловсруулан хэрэгжүүлж байгааг С.Оюун онцолсон юм. Мөрийн хөтөлбөрийг бодитой хэрэгжүүлэх үүднээс цаашид уул уурхайг хориглох экологийн бүс нутгийг тогтоож зааглах ажлыг БОНХ-ийн яам хийж байгааг дурдлаа.

Тогтвортой хөгжлийн үндэс нь ногоон эдийн засаг байх уриаг бодлогын төвшинд ажил хэрэг болгож байгааг үнэлэн НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр Монгол Улстай хамтран ажиллаж, үйл ажиллагааны болон эдийн засгийн дэмжлэг үзүүлэхээр болсныг Гадаад харилцааны сайд Л.Болд онцоллоо. Байгаль орчин тогтвортой хөгжлийн асуудлаар ирэх сарын 3-нд Төрийн ордонд үндэсний чуулган зохион байгуулахаар болсон байна. Монгол Улс НҮБ-ын Ногоон эдийн засгийн хөгжлийн төлөө түншлэлд нэгдэн орох асуудлыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санаачилсныг тэрбээр мөн онцолсон юм.

З.ОРГИЛ

0 comments:

Post a Comment