Sunday, May 26, 2013

Хүүхэд бүр авьяастай

Боловсрол шинжлэх ухаа­ны яамнаас "Авьяас", "Ном", "Багшийн хөгжил" хөтөлбөрийг хэ­рэг­жүүлж байгаа. Энэ хүрээнд хүүх­дийн авьяасыг хэрхэн нээж, хөгжүүлдэг вэ гэдгийг нийгэмд бодитоор харуулахын тулд үндэс­ний хэм­жээнд урлаг, спорт, оюун сэтгэхүй, технологийн салбарын 21 алдартан багш зургаан са­рын хуга­цаанд дугуйлан секц хи­чээллүүлсэн.  Тэдгээр багш нарын секц, дугуйланд хамрагдсан хүүх­­­дүүд өнгөрсөн баасан га­ригт юу сурснаа олон нийтэд танилцууллаа.

Хүүхдийн авьяас бил­гийг нээсэн 21 алдартан багш нараас Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Цэнд-Аюуш, УГЗ, кино най­руу­лагч Г.Жигжидсүрэн нар  хэл, өгүүлэхүй, уран зо­хио­лын авьяас­тай хүүх­дийг олж нээхэд хувь нэм­рээ оруулсан аж.

МУБИС-ийн технологийн багш Д.Сэрээнэндорж, зураач н.Эрдэнэбат, Ж.Батбаяр нар дүрслэх урлагийн чиглэлээр хүүхдүүдтэй ажиллажээ.  Харин спортын төрөлд гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од, ОУХМ Д.Солонго, ОУХМ боксын шигшээ багийн дасгалжуулагч Д.Батсүрэн нар багшилжээ. Хөгжим, хэмнэлийн авьяасыг нээхэд хөгжмийн зохиолч "Хурд" хамтлагийн гитарчин Д.Отгон­баяр, "Дэлхийн зөн" олон улсын бай­гууллагын ажилтан, хөгжмийн зохиолч Т.Эрдэнэчулуун нар хувь нэмрээ оруулсан байна. Тоо, техник, логик харилцааны авьяас­­тай хүүхдийг амьтан тэ­жээгч Ц.Одбаяр, зохион бүтээгч Б.Амарбат, шатарчин М.Гүнбаяр нарийн хүмүүс хичээллүүлжээ.Тэд ямар нэгэн авьяас нь илэрсэн хүүхдүүдийг сонгон авч хичээллүүлээгүй бөгөөд өмнө нь тухайн төрлийн секц дугуйланд явж байгаагүй хүүхдүүдтэй ажил­ласан  бөгөөд  зарим хүүхдүүд нь дүүрэг, нийслэлийн аварга болоод амжжээ.  Хүүхдүүд юу сурсан, ямар уран бүтээл хийж чаддаг болсноо хүүхдийн ордны тайзнаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг, БШУ-ны сайд Л.Гантөмөр болон эцэг, эхчүүд, үеийнхэндээ үзүүлсэн юм. Тухайлбал УГЗ, кино най­руулагч Г.Жигжидсүрэнгийн бяц­хан шавь нар "Хүн чанар" хэмээх богино хэмжээний кино үзүүлж байсан бол "Хурд" хамтлагийн гитарчин Д.Отгонбаярын шавь нар амьд хөгжмийн хамтлаг болж чадсан гэдгээ харуулсан.

Энэхүү хөтөлбөрт хөдөө орон нутгаас Дундговь, Говь­сүмбэр аймгууд оролцсон бөгөөд Говьсүмбэр аймгийн зохион бү­тээгч багш Б.Амарбатын шавь нар өөрсдийн зохион бүтээсэн тоос­го үйлдвэрлэх төхөөрөмжөө авчирч  тайзан дээр  тоосго хэвлэн  Л.Гантөмөр сайдад гардуулав. Мөн  баримлаар хун шувуу хийж, тосон будгаар байгалийн сайхныг зурж үзүүлсэн нь үзэгч олноос нижигнэсэн алга ташилт хүртсэн юм.

Ийнхүү 21 алдартан багшийн секц, дугуйланд 2000 хүүхэд хам­рагдсанаас 500 нь тайзан дээр юу сурснаа үзүүлсэн.  Харин хүүхдийн ордны үзэсгэлэнгийн танхимд энэ хи­чээлийн жилд дугуйлан секцэнд хамрагдсан хүүхдүүд хийсэн бү­тээлээрээ үзэсгэлэн гаргасан байлаа.  Тэдний дунд Сүхбаатар дүүргийн 54 дүгээр цэцэрлэгийн сурагч дөрвөн настай М.Энхжин, Б.Баярмаа, Б.Мишээл нар шүрээр хэлхсэн өөрсдийн дүрсээрээ үзэс­гэлэн гаргасан нь ёстой л хүн бүрт авьяас бий гэдгийг илтгэж байв.

Иргүй хутгатай байх нь сийлбэр хийхэд хүндрэлтэй


Энэ үеэр мөн ахлах ангийн хүүхдүүд тавгийн идээний цар, шагайны хайрцаг, сүүн цацлын халбага зэрэг сийлбэр бүтээлээ дэлгэсэн байлаа. Бид Улсын тэргүүний 58 дугаар сургуулийн 9в ангийн сурагч Б.Ням-Очироос уран бүтээлийнх нь талаар зарим зүйлийг тодрууллаа.

-Сийлбэрийн урлагаар хэзээ­нээс хичээллэж эхлэв?

-Энэ хичээлийн жилээс хичээл­лэж эхэлсэн.

-Танай дугуйланд хэдэн хүү­хэд суралцдаг вэ?

-Манай сургуулийн техно­логийн багш Баярсайханы дугуй­ланд 20 гаруй хүүхэд байдаг.

-Чиний хийсэн бүтээлээс энэ үзэсгэлэнд юу юу байна вэ?

-Эвтэй дөрвөн амьтан, дөрвөн бэрхийн хайрцаг, цацлын халбага байгаа.

-Эвтэй дөрвөн амьтны сийл­бэрийг хийхэд хэд хоног зар­цуул­сан бэ?

-Хоёр долоо хоног.

-Сийлбэр хийхэд хүндрэлтэй юу?

-Хутга иргүй бол сийлбэр хий­хэд хүндрэлтэй байдаг. Мөн хатуу модон дээр сийлбэр хийх хэцүү. Гэхдээ бид­нийг хатуу модон дээр сийлбэр хийлгэдэггүй юм.

Миний онгоцыг 500 м-ийн зайнаас удирддаг


Технологийн чиглэлээр хичээллэж тэр чиглэлээрээ их сургуульд сурах  урилга  аваад буй Баянгол дүүргийн 20 дугаар сургуулийн 11г ангийн сурагч Г.Цэдэндоржтой уулзлаа.

-Юуны өмнө их сургуулийн урилгаар шагнуулсанд баяр хүр­гэе. Хаанаас урилга авсан талаараа яриач?

-Баярлалаа. Би усан онгоц­ныхоо бүтээлээр энэ жилийн олим­пиадад оролцож I байр эзэлсэн. Тэгээд ШУТИС-ийн урилга авлаа.

-Ямар мэргэжлээр сурал­цахаар болов?

-Иргэний ба үйлдвэрийн ба­рилгын ангийг сонгосон.

-Чиний бүтээсэн энэхүү онгоц­ны давуу тал нь юу вэ?

-Онгоцыг бүтээхэд таван сар гаруй хугацаа зарцуулсан. Энэ хугацаанд их зүйлийг багшаасаа сурсан. Бидний бүтээсэн энэхүү онгоц радио удирдлагаар усан дотор явдаг. Цаанаасаа тавьсан замыг сүл­жиж оноо авдаг. Тавьсан саа­дыг шүргэсэн тохиолдолд оноо хасагдана. Манай онгоцыг хамгийн холдоо 500 метрийн зайнаас удир­дах боломжтой. Онгоцны их биеийг модоор хийсэн. Дээд талыг нь бүгд нимгэн төмөр металлаар хийсэн.

Ийнхүү монгол хүүхдүүд юу хийж бүтээж чаддагаа олонд та­ниулсан нэг өдөр үзүүштэй шинэлэг зүйлүүд олон байсан юм.  Хүн бүрт авьяас бий. Харин түүнийгээ олох, хөгжүүлэх, тэт­гэх нь юу юунаас илүү чухал шүү хэмээн Ерөнхий сайд Н.Алтан­хуягийн захиасаар энэхүү сур­валжилгаа өндөрлөж байна.

Б.ЭНХ

0 comments:

Post a Comment