Monday, May 27, 2013

Уснаас хуурай гарахыг санаархав уу?

Орчин үеийн оношилгооны аппараттай болгоно гэх нэрийдлээр хувийн компаниа тендерт шалгаруулж, улсын төсвөөс тэрбумаар тоологдох мөнгө гаргуулчихаад эцэст нь капитал засвар хийсэн хуучин сэг нийлүүлэн нүглийн нүдийг гурилаар хуурсан хэрэгт Эрүүл  мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэл нарын  албан тушаалтнууд, нийт зургаан хүн холбогдоод буй. Энэ хэргийг УМБГ-т шалгаж дуусаад өнгөрсөн долоо хоногт  прокурорын хяналтад шилжүүлсэн юм. Үүний дараа буюу өнгөрөгч баасан гаригт энэ хэрэгт холбогдсон ГССҮТ-ийн дүрс оношилгооны тасгийн эрхлэгч С.Батзориг, түүний эхнэр "Саммитмедикал сервис" компанийн захирал Б.Түвшинжаргал нарын өмгөөлөгч Д.Ганбат, "Филлипс" компанийн ОХУ,  Казахстан, Төв Азийн бүс нутгийг хариуцсан захирал гэж өөрийгөө танилцуулсан  Грачев Игорь Федерович, орчуулагч С.Батмөнх нарын хүмүүс хэвлэлийн бага хурал хийлгэж, хуулийн байгууллага хилсээр хэрэгт оруулж байна гэх утга бүхий мэдээлэл хийсэн. ОХУ-аас ирсэн гэх Грачев Игорь Федерович хэлэхдээ "ГССҮТ-д нийлүүлсэн  MRI аппаратыг хуучин, засвар хийсэн аппарат гэх мэдээлэл  Монгол Улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа нь манай компанийн нэр хүндэд харшлах зүйл. Төв Азийг  хариуцсан захирлын хувьд  энэхүү аппарат нь 2012 онд манай компанид үйлдвэрлэсэн цоо шинэ аппарат болохыг батална" гэх утгатай зүйл  ярьж, компанийн нэр хүндтэй холбоотой мэдээлэлд ихэд эмзэглэж буйгаа илэрхийлсэн.

Энэхүү мэдээллийн мөрөөр  УМБГ-аас  Грачев Игорь Федеровичийг дуудан тайлбар мэдүүлэг авахад "Филлипс" компанийг төлөөлөх  эрхтэй болохыг нь нотлох ажлын үнэмлэх, тус компанийн Голланд дахь салбараас гаргасан албан тодорхойлолт байгаагүй гэнэ. Тэрээр Монгол Улсад компаниа төлөөлж бус, иргэн С.Батмөнхийн урилгаар ирсэн байна. Түүнийг урьсан С.Батмөнхийн хувьд энэ хэрэгт холбогдсон  ГССҮТ-ийн дүрс оношилгооны  тасгийн эрхлэгч С.Батзоригийн төрсөн ах бөгөөд тус эмнэлгийн хоёрдугаар давхарт  комьпютер томографийн зураг  авах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийн  захирал аж.

Хуулийн байгууллагынхан Грачев Игорь Федеровичоос тайлбар авахад "Би зөвхөн "Филлипс" компанийн талаарх танилцуулга мэдээллийг өгсөн. Эрүүгийн хэргийн талаар огт мэдэхгүй" гэжээ.

Үнэн хэрэгтээ хэргийг шалгасан УМБГ-ынхан "Филлипс" компанийн Голланд дахь төв салбарын төлөөлөгчтэй харилцаж, шаардлагатай мэдээллээ авч байжээ.

Ийнхүү холбогдох мэргэжлийн байгууллага, хууль хяналтынхны мөрдөн байцаалтаар хуучин бүтээгдэхүүн нийлүүлсэн болох нь тогтоогдсон ч хэрэгт холбогдсон  этгээдүүд уснаас хуурай гарах арга замыг хайж эхэлсэн бололтой.

С.ОТГОНСҮРЭН

0 comments:

Post a Comment